Улсын Их хурал

Занданшатар даргатай Улсын их хурал олон жил яригдсан Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийж чадсан. Шинэ зүйл заалт багтсан Үндсэн хууль ирэх Даваа гарагийн 12 цагаас эхлэн хүчин төгөлдөр хэрэгжих гэж байна. Гэхдээ бүх зохицуулалт шууд биелнэ гэсэн үг биш гэдгийг хуульч, Улсын их хурлын даргын зөвлөх Ж.Сүхбаатар хэллээ. Үндсэн хуулийн зарим зүйл заалтыг амилуулахын тулд бусад хуулиа нийцүүлэн өөрчилнө. Энэ ажил 2020 онд багтан дуусах ёстойг онцоллоо. 

Одоогоос 27 жилийн тэртээ 1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр нийгмийн харилцааны язгуур үндэс болсон хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн иргэн төвтэй төр улсыг шинэ Үндсэн хуулиараа тунхаглан баталсан байдаг. Харин өнгөрсөн оны 11 сард энэ хуульд өөрчлөлт оруулан ирэх Даваа гарагийн 12:00 цагаас эхлэн мөрдөхөөр болоод байгаа. Шинэчилсэн Үндсэн хуулинд Засгийн газрын тогтвортой байдал, парламентын хариуцлагыг нэмэгдүүлж, нутгийн захиргааны бие даасан байдлыг бэхжүүлэхэд чиглэхээс гадна 2000 оны дордсон долоон өөрчлөлтийг тойрсон асуудал, маргааныг цэглэсэн гэдгийг УИХ-ын даргын зөвлөх Ж.Сүхбаатар онцоллоо. 

Үндсэн хуулийн өөрчлөлтөөр УИХ-ын гишүүд иргэдээ төлөөлөх, хуулиа хэлэлцэн батлахаас гадна хамгийн гол нь хуулийн хэрэгжилтийг хянан шалгах эрх мэдэлтэй болж байна. Мөн гишүүдийн давхар дээлийг цэглэх асуудал ч хуульд заагдсан. Засгийн газрын 4-сайд л Улсын их хурлын гишүүн байж болох юм. Гэхдээ энэ өөрчлөлт шууд Даваа гарагаас хэрэгжинэ гэсэн үг биш. Одоогийн засгийн газар, парламент үйл ажиллагаа бүрэн хэрэгжүүлж дуусахаар зохицуулагдсан гэдгийг онцоллоо.

Үндсэн хууль ирэх долоо хоногоос хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэх ч зарим өөрчлөлт нь дагалдах хууль батлагдсаны дараа хэрэгжинэ. Үүнээс гадна үндсэн хуулийн өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн төсөв, татвар зэрэг улс орны эдийн засгийн суурь болсон хуулиудад шууд хүрэх эрхийг хязгаарлажээ. Харин олон улсын жишгээр нэг биш олон гишүүн нэгдэж байж ийм төрлийн хуульд гар хүрэх зохицуулалт хийснийг тодотголоо. Ингээд 20 гаруй жил яригдсан Үндсэн хуулийн өөрчлөлт Занданшатар даргатай парламентын үед биеллээ олж ирэх Даваа гараг буюу 5-р сарын 25-ны өдрийн 12 цагаас бүх нийтээр дагаж мөрдөх гэж байна.