АНУ: ОХУ-ын цэргийн ажиллагааг Украины нутаг дэвсгэр лүү халдан довтолсон явдал

Улс төр

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден Оросын тал Украины нутаг дэвсгэрт цэргийн цохилт дайралт явуулж эхэлсний дараагаар мэдэгдэл хийн, Оросын зэвсэгт хүчин утгагүй дайн тулаан өдүүлж, үндэслэлгүйгээр халдлага дайралт явуулж байгааг зэмлэн буруутгасан байна. 

Цагаан ордны тэргүүн ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путиныг асар их гарз хохирол дагуулж болзошгүй дайн тулаан өрнүүлж байгаад буруутгасан байна. Түүнчлэн Украины эсрэг эхлүүлсэн цэргийн ажиллагааны хариуцлага, үр дагаврыг ОХУ дангаараа хариуцах болно. АНУ болон Холбоотон улс орнууд Оросын тал Украины газар нутаг руу халдан довтолсны эсрэг шийдэмгий хариу өгөх болно гэжээ.

ОХУ-ын тал Украины нутаг руу цэргийн тусгай ажиллагаа явуулах шийдвэр гарган, Украиныг цэрэг зэвсгээр хөөцөлдөх явдлаа таслан зогсоохыг шаардах болно гэсэн юм. Ийнхүү Оросын тал Донбассын энгийн номхон иргэдийг Украины дэглэмээс хамгаалах зорилгоор цэргийн тусгай ажиллагаа эхлүүлсний дараагаар АНУ-ын тэргүүн Жо Байден Украин дахь нөхцөл байдлыг Их Долоогийн бүлгийн орнуудын удирдагч нартай утсаар яаралтай хэлэлцжээ. Байден мэдэгдэлдээ “Бид НАТО-ийн Холбоотон улс орнуудын хамтаар Оросын аливаа түрэмгийллийг таслан зогсоохын тулд нэгдмэл хүчтэй хариу арга хэмжээ авах болно гэжээ. Их Долоогийн бүлэгт багтдаг АНУ, Их Британи, Франц, ХБНГУ, Япон, Итали, Канадын төр засгийн тэргүүлэгчид өнөөдөр цахимаар яаралтай хуралджээ. Тэд Украины хямралтай холбоотой асуудлаар хэлэлцэж, цаашид Оросын эсрэг ямар хариу арга хэмжээ авах талаараа хэлэлцсэн байна.