НҮБ: Орос-Украины хямралыг шийдэх цорын ганц арга бол яриа хэлэлцээр

Улс төр

НҮБ-ын тэргүүн Антониу Гуттериш Украины асуудлаарх Аюулгүйн зөвлөлийн шуурхай хуралдааны дараагаар Нью Йорк хотноо богино хэмжээний мэдэгдэл хийсэн юм.

НҮБ-ын тэргүүн Украины талын хүсэлтээр явагдсан Аюулгүйн зөвлөлийн шуурхай хуралдаанд Африк тивд хийх байсан чухал айлчлалаа хойшлуулан оролцож, олон улсын аюулгүй тогтвортой байдалтай холбоотой чухал асуудлыг хэлэлцэхээр үлдсэн гэдгээ тодруулсан байна. 

Антониу Гуттериш Нью Йорк дахь НҮБ-ын төв штабт хийсэн мэдэгдэлдээ ОХУ, Украины зүүн бүсийн Донецк, Луганскийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрснөөр Минскийн олон улсын гэрээ хэлэлцээрт “үхлийн цохилт” өгч, булшилсан шийдвэр гаргалаа гэсэн байна. НҮБ нь Украин улсын газар нутгийн бүрэн бүтэн байдал, аюулгүй тогтвортой байдал, олон улсаар хүлээн зөвшөөрөгдсөн хил хязгаарыг бүрэн дүүрэн дэмжиж байгааг Антониу Гуттериш тэмдэглэжээ. Тиймээс Оросын тал Украины зүүн бүсийн нутаг дахь Донецк, Луганскийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн нь олон улсын хууль тогтоомж, Украины тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг алдагдуулсан, зөрчсөн шийдвэр гэж үзсэн байна.