Улсын Их хурал

УИХ-ын чуулганы хуралдаанаар Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж эхэллээ. Тус хуулийн өөрчлөлтөөр барилга, инженерийн цэргийн бие даасан анги бий болгох зохицуулалтыг оруулж байна. Ингэснээр цэргийн алба хашиж байгаа залуусыг барилга, инженерийн чиглэлээр мэргэшүүлэн сургаж улсын хэмжээний томоохон бүтээн байгуулалтад өндөр цалинтай ажиллуулахаар төлөвлөсөн байна.

Улсын хэмжээнд жилдээ 80-90 мянган залуус цэргийн насанд тэнцэх буюу 18 нас хүрдэг байна. Гэвч цэргийн насанд хүрсэн иргэдийн ердөө 3 хувь нь цэргийн алба хааж байгаа юм. Тиймээс засгийн газраас Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барьсан. Тус хуулиар улс орны эдийн засагт чухал нөлөө үзүүлэх томоохон бүтээн байгуулалтын ажлуудад цэргүүдийг бэлтгэн ажиллуулах барилга, инженерийн бие даасан анги байгуулж цэрэг бэлтгэх зохицуулалтыг оруулсан байна.

Газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн ажилд цэргүүдийг татан оролцуулж, цалинтай ажиллуулснаар амжилттай явж байгаа. Тодруулбал, хүнд даацын автозамын төсөл, Халх гол сумын шинэчлэлийн ажлуудыг хийж дуусгасан. Мөн Тавантолгой Зүүнбаян чиглэлийн 414.6 км төмөр замын ажилд Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн ажиллаж байгаа юм.

Тиймээс цаашид нэг жилийн хугацаанд цэргийн алба хааж байгаа залуусыг мэргэшүүлэн бүтээн байгуулалтын ажилд өндөр цалинтай ажиллуулдаг байх хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ.

Үүнээс гадна Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа Мэдээллийн аюулгүй байдлыг хянан ажиллах кибер аюулгүй байдлыг хангах төвийн эрх зүйн зохицуулалтыг тусгасан байна.