Улсын Их хурал

Улсын хурал Алсын хараа-2050 хөгжлийн барим бичиг хэлэлцэж эхэллээ. Нэг нам гарч ирээд бүх ажлыг өөрчилдөг биш хөгжлийн үндсэн төлөвлөгөөг энд багтаагаад байгаа юм. Уул уурхай, мал аж ахуй, бизнес, хүн амын өсөлт, гадаад харилцаа гээд бүгдийг багтаасан байна. Өөрөөр хэлбэл, 2050 оны дүр зургийг өнөөдөр харахыг оролдож байгаа юм. Үндсэн хуулийн дараа хөгжлийн баримт бичиг гэж тодорхойлсон "Алсын хараа-2050"-ийг хэлэлцэж эхэллээ.

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Монгол Улс урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигтэй байхаар тусгасан. Улмаар Үндсэн хуулийн дараа орох томоохон баримт бичгийг засгийн газраас өргөн барьж УИХ-аар хэлэлцэж эхэллээ. Алсын хараа-2050 бодлогын баримт бичигт 2030 онд ядуурлыг 15 хувь, 2040 онд 10 хувь, 2050 онд 5 хувьд хүргэх томоохон зорилт тавьж, нэг хүнд ноогдох ДНБ-ийг 2030 онд 12 мянган доллар байхаар тусгасан. Эдийн засгийн тэргүүлэх салбаруудыг тодорхойлсон хөгжлийн баримт бичигт ажлын байрыг хэрхэн нэмэгдүүлэхээр тооцсоныг Эдийн засгийн байнгын хорооны дарга тодруулсан юм.

Монгол Улсын өнгөрсөн 30 жилийн ололт амжилт алдаа дутагдлыг судлан дүгнэж ирэх 30 жилд ямар байдлаар хөгжүүлэхийг тодорхойлсон баримт бичигт хөдөө аж ахуйн салбарыг хэрхэн хөгжүүлэхээр тусгасан талаар гишүүд тодруулж байлаа.

Уул уурхайн салбар эрчимжихээс өмнө манай улсын эдийн засгийг мал аж ахуйн салбар чирдэг байсан. Тиймээс ирэх жилүүдэд мал аж ахуйн салбарыг тэргүүлэх салбарын нэгт хүргэх зорилт тавьсан байна. Алсын хараа-2050 төслийг хэлэлцэхтэй зэрэгцэн, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хуульд өөрчлөлт оруулж байгаа. Учир нь аль нэг нам эвсэл засгийн эрхийг авахдаа хөгжлийн баримт бичгийг дур зоргоороо өөрчилдөг асуудлыг зогсоож байгаа юм.