Улсын Их хурал

УИХ-аар ковид-19 халдвар цар тахлаас урьдчилан сэргийлэх нийгэмд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, цар тахлын эсрэг богино хугацааны хуулийг анх удаа батласан. Уг хуулийг батлахтай зэрэгцэн буруу ташаа мэдээлэл цацагдах болсныг хууль санаачлагчид хэллээ.

Хуулиар цахим сүлжээг хаах, хэвлэл мэдээллийн байгууллагын эрхийг хязгаарлах заалт огт ороогүйг онцолж байна. Харин цар тахал буюу ковид-19 халдварын талаар олон нийтэд худал мэдээлэл тараах, улмаар нийгэмд эмх замбараагүй байдал үүсэх, хүнсний хомсдол гарах зэрэг асуудал үүсвэл хүлээлгэх хариуцлагыг тодорхой тусгажээ. Мөн баттай эх сурвалж буюу Эрүүл мэндийн яам, Засгийн газар, Онцгой комисс, төрийн байгууллагуудын мэдээллийг дамжуулахыг үүрэгжүүлж өгсөн гэдгийг хэллээ.

Цар тахалтай холбоотой худал мэдээлэл тарааж нийгэмд эмх замбараагүй байдал үүсгэсэн иргэн л хуулиар хариуцлага хүлээнэ. Түүнээс биш цахим сүлжээг хязгаарлах асуудал огт тусгагдаагүй байна. Цар тахлын эсрэг хуулиар засгийн газар нэн яаралтай үед цаг алдалгүй шийдвэр гаргах эрхийг нээж өгсөн. Уг асуудлыг сөрөг хүчин шүүмжилж байгаа ч тахлыг дотоодод тархаахгүй байхад онцгой ач холбогдолтой гэдгийг хууль санаачлагч онцолж байгаа юм.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага цар тахлын эрсдэл бүрэн арилсан гэж зарлах хүртэл хүчин төгөлдөр мөрдөх хуулийг ийнхүү баталлаа. Хуулиар иргэдийн хөдөлгөөн, аж ахуй нэгжийн үйл ажиллагааны цагийн хязгаарлалт, гадаад дотоод, дамжин өнгөрөх хил нэвтрэх зэрэг асуудлуудыг хязгаарлах зохицуулалтууд туссан. Мөн УИХ, Засгийн газар, Онцгой комисс, Монгол банк болон аж ахуй нэгжүүд, иргэд гээд бүхийл субъектийн эрх үүрэг, хариуцлага, ажлыг нарийн зохицуулж өгсөн гэлээ.