Улсын Их хурал

Сонгуулийн төв байгууллагын тухай хуулиар СЕХ-ны нийт гишүүдийн тавыг УИХ-ын Төрийн байгууллалтын байнгын хороо санал болгох эрхтэй байдаг бол, 2 гишүүнийг МУ-ын Ерөнхийлөгч, хоёрыг нь Улсын дээд шүүх санал болгоно гэж заасан. Ингэхдээ төрийн жинхэнэ алба хаагчдаас сонгон санал болгож УИХ зургаан жилийн хугацаанд томилох хуультай юм. Улмаар төрийн байгуулалтын байнгын хороо СЕХ-ны хоёр гишүүнийг чөлөөлж хоёр гишүүнийг санал болгосныг УИХ-аар дэмжин томиллоо.

 

ЦЕГ-ын дарга, бригадын генерал Сайннямбуугийн Баатаржав нь 1967 онд Улаанбаатар хотод төрсөн, 53 настай. Хуульч эрх зүйч, төрийн удирдлагын менежер мэргэжилтэй. Хууль зүйн ухааны магистрын зэрэгтэй, төрийн албанд 30 жил тасралтгүй ажиллаж байгаа юм.

Харин Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Барсүрэнгийн Баасандорж нь 1979 онд Улаанбаатар хотод төрсөн 41 настай. Монгол улсын Тамгын газрын шинжээчээр ажлын гараагаа эхлэж 2018 оноос өнөөг хүртэл УБЕГ-ын даргаар ажиллан төрийн албанд 18 дахь жилдээ тасралтгүй ажиллаж байна.

Энэ удаагийн Улсын их хурлын сонгууль цар тахлаас сэргийлэх онцгой нөхцөлд болох гэж байгаатай холбоотой СЕХ нарийн зохион байгуулалтыг хийхээр ажиллаж байгаа. Ингэхдээ Эрүүл мэндийн яамны заавар зөвлөмжийг баримтлах бол сонгуулийн үеэр авч хэрэгжүүлэх шуурхай арга хэмжээний журмыг УОК гаргаж байхаар хуульчилсан. Тиймээс санал авах ажиллагааг зөв зохион байгуулах, шударга сонгууль явуулахад өнөөдөр томилогдсон хоёр хүн чухал үүрэгтэй ажиллана гэдгийг гишүүд онцолж байлаа.