Улсын Их хурал

Цар тахлаас урьдчилсан сэргийлэх, тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Эрүүгийн болон зөрчлийн тухай хууль, Гамшгаас хамгаалах тухай хуулийн төслүүдийг бүхэлд нь баталлаа. Ингэснээр онцгой дэглэмд шилжсэн өнөөгийн нөхцөлд амны хаалт зүүхгүй байхаас эхлээд алба хаагчдын шаардлагыг биелүүлээгүй иргэнийг 200 мянган төгрөгөөр торгох зохицуулалт орж байна.

Харин хуулийн төслийг анх өргөн барихад тахлын голомтод ажиллаж байгаа эмч мэргэжилтнүүд, алба хаагч нарт хөнгөлөлттэй нөхцлөөр орон сууцны зээл олгохоор тусгасан. Харин ажлын хэсгийн зүгээс төрийн жинхэнэ алба хаагч болон төрийн үйлчилгээний алба хаагч нарт олгох санал оруулсан юм. Уг асуудлыг эмч мэргэжилтэн, эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд гэсэн анхны томъёоллоор нь явах саналыг салбарын сайд гаргалаа.

ӨНДӨР НАСТАН, ХУУЧ ӨВЧТЭЙ БОЛОН ЭМЗЭГ БҮЛГИЙН ИРГЭН, ХҮҮХДҮҮДЭД САНХҮҮГИЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛНЭ

 

Цар тахлын хуулийг УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Х.Нямбаатар нарын гишүүд санаачлан өргөн барьсан. Харин хэлэлцүүлгийн явцад ажлын хэсэг төслийг танигдахгүй болтол өөрчиллөө хэмээн хууль санаачлагч шүүмжилсэн юм. Төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх үеэр МУ-ын Ерөнхийлөгчөөс ирүүлсэн санал болох цар тахлын үед өндөр настай, хууч өвчтэй, эрүүл мэндийн тогтмол тусламж үйлчилгээ шаардлагатай, хөгжлийн бэрхшээлтэй, жирэмсэн иргэдэд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах эмзэг бүлгийн иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх гэдэгт хүүхэд гэдэг бүлгийг оруулах саналыг дэмжсэн юм.

ТӨРИЙН ЖИНХЭНЭ БОЛОН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБА ХААГЧДАД ТҮРЭЭСЛЭЭД ӨМЧЛӨХ ЖУРМААР ОРОН СУУЦ ОЛГОНО

Ийнхүү цар тахлын эсрэг хуулийг гишүүдийн 96 хувийн саналаар дэмжин баталлаа. Хуулийн төсөлд 4 ба түүнээс дээш хүн нэг дор цуглах арга хэмжээ зохион байгуулахыг хориглож дэглэм зөрчсөн тохиолдолд Эрүүгийн болон Зөрчлийн хуулиар хариуцлага хүлээлгэхээр тусгалаа. Уг хуулийн үйлчлэл сонгуулийн тухай хууль хамаарахгүй байхаар зааж сонгууль зохион байгуулахад шаардлагатай журмыг УОК гаргаж байхаар хуульчиллаа. Харин бэлэн байгаа 4000 орон сууцны тодорхой хувийг тахлын голомтод ажиллаж байгаа эмнэлгийн ажиллагсдад түрээслээд өмчлөх журмаар олгох асуудлыг ажлын хэсэг судлахаар боллоо.