Улсын Их хурал

Цар тахлын үед санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлд авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолыг хэлэлцэж эхэллээ. Уг тогтоолоор банкны салбарт цогц шинэчлэл хийх, зээлийн хүүг бууруулж ипотекийн зээлийг тодорхой хугацаанд чөлөөлөх зохицуулалтууд багтсан. Үүнээс гадна банкны хүүг бууруулах чиглэлд 500 хүртэлх сая төгрөгийн хэрэглээний зээлийн 5 хувийг төрөөс, 3 хувийг банк чөлөөлөх асуудал тусгагдсан байна.

Улс даяар онцгой дэглэм тогтоосон өнөөгийн нөхцөлд төр засгаас гаргаж байгаа шийдвэрийг арилжааны банкууд хэрэгжүүлэхдээ удаашралтай хандаж байгаа нь нэг хүний эзэмшлээс хамааралтай. Тиймээс манай улсад монополь байдал тогтоосон банкуудын эзэмшлийг нэг хүний хамаарлаас гаргаж олон нийтийн байлгах нь зүйтэй гэж үзсэн. Улмаар банкны 20-иос илүү хувийг нэг хүн эзэмшихгүй байх асуудлыг хуульд тусгаж байгаа юм. Үүнээс гадна зээлийн хүүг бууруулах чиглэлд арга хэмжээ авах, банкны салбарыг цахимжуулах зэрэг олон заалтууд төсөлд тусгагджээ.

Өнөөдөр УИХ-аар хэлэлцэж эхлэсэн эдийн засгийн тогтвортой байдлыг хангах тухай тогтоолын төсөлд иргэдийн ипотекийн зээлийг чөлөөлөх, тахлын голомтод ажиллаж байгаа алба хаагч мэргэжилтнүүдэд хөнгөлөлттэй нөхцлөөр орон сууцны зээл олгох, татан буугдсан банкнаас өр зээлийг барагдуулж эмнэлэг сургууль, улсын хэрэгцээнд ашиглах асуудлууд туссан. Үүнээс гадна тэтгэврийн зээлийг төрөөс нэг удаад чөлөөлөх шийдвэрийн хүрээнд Төв банк бонд гаргаж банкуудаас худалдан авах зохицуулалт туссан байна. Мөн хэрэглээний зээлийн зарим хэсгийн хүүг бууруулах зохицуулалт тусчээ.

Хөнгөлөлттэй нөхцлөөр олгосон ипотекийн зээл болоод хадгаламж барьцаалсан зээл, жилийн 8 хувиас доош хүүтэй олгосон бичил бизнесийн зээлээс бусад 500 хүртэлх сая төгрөгийн хэрэглээний зээлийн хүүг буулгах асуудал ийнхүү яригдаж эхэллээ.

Ингэхдээ жилийн нэрлэсэн хүүгийн 5 хувийг төрөөс, 3 хувийг арилжааны банкууд хариуцан гурван сарын хугацаанд буулгахаар төсөлд туссан байна.

Төслийг УИХ-аар хэлэлцэхийг дэмжиж байнгын хороонд шилжүүллээ.