Сэргээшийн зөрчил илэрсэнтэй холбоотойгоор уран гулгалтын медаль гардуулалт хойшлов

Спорт

Бээжин-2022 өвлийн олимпын уран гулгалтын төрлийн медаль гардуулалт хойшилжээ.

Учир нь ОХУ-ын тамирчин допинг хэрэглэсэн гэх мэдээлэл цацагдаад байна. Өнөөдөр буюу Лхагва гарагт медаль гардуулах байсан ч дээрх асуудалтай холбоотойгоор ОУОХ-ноос медаль гардуулах ажиллагааг түр хойшлуулсан юм.

Inside the Games вэб сайтад алтан медаль хүртсэн Оросын уран гулгагчдын дунд допинг илэрсэн гэж анх мэдээлсэн. Харин Guardian агентлаг тухайн бодис нь сэргээшд тооцогдохгүй гэсэн нэмэлт мэдээлэл өгчээ.

Оросын уран гулгагчдын дасгалжуулагч Татиана Тарасовагийн зүгээс тамирчид огт допинг хэрэглээгүй гэж мэдэгдсэн. Ямартай ч ОУОХ энэ асуудлыг цааш шалгаж тодорхой болгохоос гадна медаль гардуулах ёслолыг аль болох хурдан хийнэ гэжээ. 

Мөн ОХУ-ын дөрвөн уран гулгагч Лхагва гарагийн бэлтгэлдээ ирээгүй бөгөөд яагаад ирээгүй нь тодорхойгүй байгаа юм.