Улсын Их хурал

Улсын Их Хурал дахь Ардчилсан намын зөвлөл өнөөдөр дөрвөн асуудал хэлэлцсэн байна. Б.Пүрэвдорж нарын гишүүдийн өргөн барьсан нэмэгдсэн өртгийн албан татварыг таван хувь болгон бууруулах хуулийн төслийг бүрэн дэмжиж байгаагаа илэрхийллээ. Мөн Ардчилсан намын зөвлөл коронавирусийн эрсдэлийн үед авах арга хэмжээний талаар тогтоолын төсөл өргөн барьсан. Энэ асуудлыг яаралтай хэлэлцэж өгөхийг хүссэн байна.

УИХ дахь Ардчилсан намын зөвлөл коронавируст халдварын эсрэг авч хэрэгжүүлэх 5 бүлэг 38 арга хэмжээ бүхий тогтоолын төслийг УИХ-ын даргад хүргүүлсэн ч хүлээж аваагүй. Учир нь аливаа хууль санаачлагч нь төсөл боловсруулахдаа засгийн газарт хүргүүлж санал авах учиртай. Тиймээс Ардчилсан намын зөвлөл тогтоолын төслөө засгийн газарт хүргүүлж гурван өдрийн дотор хариу өгөхийг шаардлаа.

Ардчилсан намын зөвлөл өнөөдрийн хуралдаанаараа дөрвөн асуудлыг хэлэлцсэн байна. Үүнд гадаадад ажиллаж амьдарч байгаа иргэдийн нөхцөл байдалд судалгаа хийж санхүүгийн хүндрэлтэй иргэдэд ямар арга хэмжээ авч болохыг хэлэлцэхээр болжээ. Мөн НӨАТ-ын 10 хувийг таван хувь болгон бууруулах асуудлыг хэлэлцсэн байна. Дээрх хувь хэмжээг бууруулахгүй бол хөдөө орон нутгийн иргэд хохирч байна гэлээ.

Сангийн сайдын зүгээс НӨАТ-ын хувийг бууруулах нь эдийн засагт эрсдэлтэй гэдгийг хэлж байгаа. Улмаар УИХ-ын гишүүн Л.Оюун-эрдэнэ, С.Бямбацогт нарын гишүүд НӨАТ-ын хувийг 10 хувь хэвээр үлдээж буцаан олголтыг 7 хувь болгон нэмэх хуулийн төслийг өргөн бариад байгаа юм. Харин УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн өргөн барьсан НӨАТ-ын хувийг таван хувь болгох хуулийн төслийг энэ долоо хоногт хэлэлцэхээр дараалалд оруулсан байна.