Улсын Их хурал

Хорих ангиудад коронавируст халдвар тархах өндөр эрсдэлтэй гэж мэргэжилтнүүд үзэж байгаа. Улмаар дэлхийн зарим улс орнууд вирусийн халдвар тархахаас сэргийлэн олон мянган хоригдлыг хугацаанаас нь өмнө суллах арга хэмжээ авч байгаа. Харин манай улсын тухайд уг асуудлыг судалж эхлэн хөнгөн ялтай хоригдлуудыг суллахаар төлөвлөсөн байна.

Коронавируст халдвар тархахаас урьдчилан сэргийлэх үүднээс АНУ-ын зарим муж улсууд хорих ангиудад байгаа олон мянган хоригдлуудаа хугацаанаас нь өмнө суллаж эхлэсэн. Учир нь халдвар хамгааллын байдал тааруу, орчны бохирдлоос үүдээд вирус тогтох, тархах эрсдэл өндөр, хоригдлууд олноор нэг дор байхаас гадна биеийн дархлаа нь суларсан байдаг тул өвчин тархах өндөр эрсдэлтэйд тооцогдсон юм. Манай улсын тухайд ч цөөн тооны хорих ангиудад олон мянган хоригдол байгаа. Тиймээс хөнгөн ялтай хоригдлуудыг хугацаанаас нь өмнө суллахаар төлөвлөсөн байна.

Манай улсад хорих ялаар шийтгүүлсэн хоригдлуудын эрүүл мэндийг сахин хамгаалахад ШШГЕГ-ын харьяа 401 дүгээр хаалттай хорих анги, нэгдсэн эмнэлэг болон сүрьеэтэй тэмцэх эмчилгээний иж бүрэн тоног төхөөрөмжтэй 429 дүгээр хаалттай хорих ангийн төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг гэх хоёр томоохон эмнэлэг байдаг. Дээрх эмнэлгүүдэд жилдээ 2500-3000 хоригдол хэвтэн эмчлүүлдэг байна. Эмчлүүлэгчдийн дийлэнх нь дотрын өвчлөл болох хоол боловсруулах замын өвчлөлүүд, элэг, цөс, бөөрний эмгэг давамгайлсан байдаг гэнэ. Тиймдээ ч дэлхий нийтээр цар тахал тархаад байгаа өнөөгийн нөхцөлд хорих ангиуд байгаа хоригдлуудыг цөөлөх нь зүйтэй гэж үзэж байгаа юм. Мөн нийгмийн эмзэг хэсгийн иргэдэд ч түлхүү анхаарах хэрэгтэй гэж үзэн цар тахлын хуульд дээрх заалтуудыг тусгаж байгаа гэнэ.

Цар тахлын эсрэг хуулийг УИХ-ын гишүүн. Х.Нямбаатараар ахлуулсан ажлын хэсэг боловсруулж засгийн газраас санал авахаар хүргүүлээд байгаа. Чуулганы хуралдааны цахим хурлын дэгт тусгахдаа засгийн газараас санал авч хүргүүлэх хугацааг гурав хоног байхаар тусгасан. Тиймээс ирэх долоо хоногт дээрх хуулийг хэлэлцэх юм.