Улсын Их хурал

Монгол Улсад коронавируст халдварын тархалт эрсдэл өндөр байгаатай холбогдуулан Улсын их хурлын нэр бүхий гишүүд засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар асуулга тавьсан. Гишүүдийн дийлэнх нь гадны улсад ажиллаж амьдарч байгаа иргэдийг цаашид хэрхэх, чартер нислэг хэрхэн хийх эсэхийг тодруулсан юм. Мөн УИХ-аас цар тахлын эсрэг хуулийн төсөл боловсруулж ирэх долоо хоногт хэлэлцэхээр төлөвлөсөн. Тус хуульд амны хаалт зүүгээгүй иргэнийг торгох арга хэмжээ авах зохицуулалт тусгахаар төлөвлөсөн байна.

Ковид-19 цар тахлаас сэргийлэн ажиллахад нэн шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл, хувийн хамгаалах хэрэгсэл, ариутгалын бодис зэрэгт 10 гаруй тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гарган зарцуулжээ. Үүнд 12 нэр төрлийн хувийн хамгаалах хэрэгсэл, вирусийн болоод уушгины хатгалгааны эсрэг 6 төрлийн эм, судсаар сэлбэх шингэх 21 төрөл, хүчилтөрөгчийн эмчилгээнд шаардлагатай зүйлсийг аймаг нийслэлийн эмнэлгүүдэд хувиарлан ажиллаж байгааг Онцгой комиссын дарга хэллээ. Харин гишүүдийн зүгээс гадаадад байгаа иргэддээ хэрхэн анхаарч байгааг тодруулж байлаа.

ӨНӨӨДРИЙН БАЙДЛААР 34 УЛСААС 7624 ИРГЭН ЭХ ОРОНДОО ИРЭХ ХҮСЭЛТ ТАВИАД БАЙНА

Өнөөдрийн байдлаар 34 улсаас нутагтаа ирэх хүсэлт тавьсан 7,624 иргэн байгааг шадар сайд онцлоод дээрх иргэдийг хэрхэн авч ирэх асуудлыг Гадаад харилцааны яам сайтар судалж байгааг хэллээ. Үүнээс гадна УИХ цар тахлын эсрэг хуулийн төслийг ирэх долоо хоногт хэлэлцэхээр төлөвлөсөн. Сүүлийн үед иргэд анхаарлаа сулруулж амны хаалт зүүх нь багасан олноор цуглах тохиолдол их гарч байгааг хэлж байна. Тиймээс амны хаалт зүүх шаардлагыг нэг нэгэндээ тавьж шаардлага биелүүлэхгүй тохиолдолд торгох арга хэмжээ авдаг байх нь зүйтэйг хэллээ.

Цар тахлын эсрэг богино хугацаатай хуулийг нэг жилийн хугацаанд хүчин төгөлдөр мөрдөхөөр тусгаж байгаа. Дээрх хуулиар улсын төсвийг захиран зарцуулах эрхийг засгийн газарт өгч УИХ хянах зохицуулалтыг тусгасан. Үүнээс гадна иргэд хооронд зай барих, бөөнөөр цуглахгүй байх, хурал цуглаануудыг цуцлах зэрэг иргэдийн эрх үүргийг тодорхой тусгахаар төлөвлөсөн байна. Ирэх долоо хоногт УИХ дээрх хуулийг хэлэлцэх юм.