Архив...

Улсын Их хурал

Засгийн газраас өргөн барьсан цар тахлын эсрэг авч хэрэгжүүлэх багц санхүүжилтийн төслийг УИХ хэлэлцэж байна. Чуулганы хуралдаанаар анхны хэлэлцүүгийг хийснээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ. Хэлэлцүүлгийн явцад иргэдэд хамааралтай шийдвэрүүдийг нэгдсэн ойлголттой болгох хэрэгтэйг гишүүд онцолж байлаа. Тухайлбал, ажлын байраа хадгалж байгаа аж ахуй нэгжүүдэд 200 мянган төгрөгийн дэмжлэг үзүүлэх шийдвэрт ямар шалгуур тавихыг тодруулж байсан юм.

Цар тахлын эсрэг авч хэрэгжүүлэх багц санхүүжилтэд олон нийтийн дунд хүлээлт үүсгэсэн хоёр асуудал байгааг гишүүд онцолж байлаа. Тухайлбал, ковид-19 халдварын улмаас өөрөөс үл хамаарах шалтгаанаар, төрийн эрх бүхий байгууллагын шийдвэрээр үйл ажиллагаа нь зогссон ч ажлын байраа хадгалж байгаа аж ахуй нэгжийн ажилтнуудад гурван сарын хугацаанд 200 мянган төгрөгийн дэмжлэг олгохоор болсон. Уг шийдвэрт сүүлийн нэг жилийн хугацаанд орлого нь 50 хувиар буурсан аж ахуй нэгжүүд хамаарах юм байна.

Харин нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг зургаан сарын хугацаанд чөлөөлөх шийдвэрт төрийн байгууллагын ажилтнууд хамаарахгүй байхаар тусгасан. Гэхдээ их дээд сургуулийн багш нарыг хамруулах нь зүйтэй гэж үзсэнээр уг санал дэмжигдээд байгаа юм. Харин энэ саналыг зарим гишүүд шүүмжилж байсан юм.

Засгийн газраас өргөн барьсан багц санхүүжилтийн төсөлд НДШ, ХХОАТ, ААНОАТ-аас чөлөөлөх тухай, НДШ төлөгчийг торгох шийтгэл алдангиас чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх, Гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх, татвар алданги торгуулийг эс тооцох зэрэг 16 арга хэмжээ багтаад байгаа. Нийт 5.1 их наяд төгрөгийн санхүүжилтээс 3 их наяд гаран нь үйлдвэрлэл үйлчилгээ, аж ахуй нэгжийг дэмжихээр тусгагдсан байна. Тиймээс жижиг дунд үйлдвэрлэлийн санг дэмжих чиглэлд анхаарах хэрэгтэйг зарим гишүүд хэллээ.