Улсын Их хурал

Улсын Их Хурлын хаврын чуулган хуулийн хугацаанд нээлтээ хийлээ. Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд гишүүд хоёр метрийн зай барьж, онлайн хэлбэрээр хуралдах юм. Анх удаа ийм зүйл тохиолдож байгаа ч бэлтгэл ажлаа бүрэн хангасныг тамгын газраас мэдээллээ. Энэ удаагийн чуулганаар Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотойгоор дагаж мөрдөх бусад хууль тогтоомжийг хэлэлцэн батална. Мөн коронавирусийн халдварын улмаас эдийн засагт гарч буй хүндрэлийг даван туулах зорилготой засгийн газрын тогтоолын төсөл багтаж байна. 

Маргааш төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэнэ. Улмаар цахимаар хуралдах тусгай дэгийг батлах учиртай. Үүнээс гадна УИХ-ын Төсвийн байнгын хороо болон эдийн засгийн байнгын хороод хуралдаж засгийн газраас Ковид 19-ын эсрэг авч хэрэгжүүлэх эдийн засгийн арга хэмжээний тогтоолын төслийг хэлэлцэхээр болжээ. Засгийн газраас 5.1 их наяд төгрөгийн 11 багц санхүүжилт хийх болсонтой холбоотой 10 гаруй хуульд өөрчлөлт оруулахаар болж байна. Энэ асуудлыг холбогдох байнгын хороод хэлэлцсэний дараа нэгдсэн чуулган 15 цагт хуралдахаар товлогджээ.

УИХ-ЫН ГИШҮҮН Б.БАТЗОРИГИЙГ ЧӨЛӨӨЛӨХ АСУУДЛЫГ ИРЭХ ДОЛОО ХОНОГТ ХЭЛЭЛЦЭНЭ

УИХ-ын чуулганы энэ долоо хоногийн хуралдааны товд УИХ-ын гишүүн Б.Батзоригийг чөлөөлөх асуудал багтаагүй гэдгийг хэлж байна. Гишүүн чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн тул хуулийн дагуу 14 хоногийн хугацаанд хэлэлцэх ёстой. Тиймэс УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл ирэх долоо хоногийн хэлэлцэх асуудлын дараалалд оруулахаар болжээ.