Улсын Их хурал

“Цаг” хөтөлбөр одоогоос нэг жил гаруйн өмнө малын хулгайчид хүлээлгэх эрүүгийн хуулийн хариуцлага сул байгааг хөндөн сурвалжлага бэлтгэж, асуудлыг хууль тогтоогчдын анхаарлын төвд оруулж байсан. Харин өнгөрсөн оны хавраас эхлэн эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай УИХ дээр яригдаж, хуулийн төслийг нэр бүхий гишүүд УИХ-д өргөн барьсан юм. Ингээд хуулийн өөрчлөлтөөр бусдын нэг бог малыг хулгайлсан ч 2-5 жилийн ял өгөхөөр тусгасан байсан. Энэ хуулийг өнөөдөр УИХ баталлаа.

2018 оны 06 сард манай телевизийн “Цаг” мэдээллийн хөтөлбөрөөр “Эрүүгийн хуулиар 7 үхэр 23 хонь хулгайлахыг “ зөвшөөрчээ” гэдэг Эрүүгийн хуулийн 17.12 буюу бусдын малыг хулгайлсан этгээдэд хүлээлгэх хуулийн хариуцлага сул байгааг хөндсөн сурвалжлагыг хүргэж байсан.

Ингээд асуудал ч багагүй хугацаанд яригдаж, малчид бусдад малаа алдаж хохирлоо төлүүлж чадахгүй, малын  хулгайчийг аавын хаалга татуулж чадахгүй байсан юм. Ингээд УИХ-ын гишүүн Х.Болорчулуун тэргүүтэй гишүүд хуулийн төслийг санаачилж, олон тооны мал хулгайлсан бол хүндрүүлнэ гэдэг заалтыг өөрчилж, мөн мал хулгайлахдаа бүлэглэн, автомашин, буу зэвсэг ашигласан бол шууд эрүүгийн хариуцлага хүлээдэг байхаар тусгаж УИХ-д өргөн барьсан. Мөн хуулийн төсөлд  бусдын малыг хулгайлсан тохиолдолд 2-5 жил, түүнээс дээш жилийн ялаар шийтгэдэг байхаар оруулж ирсэн юм.

Хуучин эрүүгийн хуулинд бусдын малыг бүлэглэн, буу зэвсэг ашиглан хулгайлсан бол эрүүгийн хариуцлага хүлээдэггүй байсан. Мөн бод малыг 8, бог малыг 23 тооноос дээшхи буюу олон тоонд хүрч хулгайлсан тохиолдолд л хэргийг хүндрүүлж авч үздэг байсан юм аа. Харин одоо бол нэг бог хулгайлсан ч 2-5 жилийн хорих ял, 2 бог эсвэл 8 бод түүнээс дээш мал хулгайлсан тохиолдолд 5-8 жилийн хорих ял оноохоор хуулчилж ийнхүү баталлаа.  Мөн хохирогчийн амжиргаанд ноцтой зөрчил учруулсан болон ялыг хүндрүүлэхээр тусгасан байна.

ФЭЙСБҮҮК ШУУД