Улсын Их хурал

УИХ-ын нэгдсэн чуулган Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт орууллаа. Хуралдаанд 63 гишүүн оролцож 63 гишүүн дэмжиж 100 хувийн саналаар баталж байна. Гурван парламент дамжин яригдсан Үндсэн хуулийн өөрчлөлт Г.Занданшатар даргатай Монгол улсын долоо дахь парламентаар ийнхүү батлагдаж байна.

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийг хэлэлцсэн. Үүний дараа Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийн гуравдугаар хэлэлцүүлгийг хийлээ. Өөрөөр бол Монгол улс 20 орчим жилийн дараа эцэг хуулиа дахин өөрчилсөн түүхэн өдөр боллоо.

УИХ-ын 62 гишүүний анх өргөн барьсан төсөлд үндсэн хуулийн 24 зүйл 59 заалтад өөрчлөлт оруулахаар тусгасан бол хэлэлцүүлгийн шатанд 19 зүйл 35 заалт үлдсэн юм. Үүн дээр Ардчилсан намаас гурван санал гаргасны хоёр дээр нь санал хураалт явууллаа. Улмаар Ерөнхий сайд танхимаа өөрөө бүрдүүлэх заалтыг нийт гишүүдийн олонхи дэмжсэн бол сонгуулийн тогтолцоог холимог системээр явуулах заалтыг Үндсэн хуульд тусгахыг гишүүд дэмжсэнгүй.

ҮНДСЭН ХУУЛИЙН НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТӨӨР ЕРӨНХИЙ САЙД ТАНХИМАА ӨӨРӨӨ БҮРДҮҮЛЭХ ЭРХИЙГ ОЛГОЛОО

Ардчилсан намын зүгээс ерөнхийлөгчийг парламентаас томилох асуудлыг Үндсэн хуульд тусгах санал гаргасан ч олонхийн бүлэг дэмжээгүй. Харин Үндсэн хуулийн өөрчлөлтөд орж байгаа гол заалтуудын тухайд байгалийн баялаг төрийн нийтийн өмч байхаар тусгаж, стратегийн орд газрын 51 хувийг ард түмний мэдэлд байх заалтыг оруулж байна. Үүнээс гадна хот тосгодын эрх зүйн байдлыг нарийвчлан үндсэн хуульд тусгаснаар Дархан, Эрдэнэтийг ирэх оны эхэнд багтаан хотын статустай болгох юм.

Манай улс эцэг хуулиа анх 1992 онд баталснаас хойш 2000 онд нэмэлт өөрчлөлт оруулж байсан. Гэвч тус өөрчлөлт нийгэмд шүүмжлэл дагуулж дордуулсан долоон өөрчлөлт гэх нэр авсан. Харин энэ удаагийн өөрчлөлтөөр дээрх алдааг засаж байгаа гэдгийг эрх баригчид онцолж байгаа юм. Тодруулбал, гүйцэтгэх засаглалын тогтвортой ажиллах нөхцлийг бүрдүүлэх үүднээс Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлэх, парламентын төлөвшлийг дээшлүүлэх үүднээс УИХ-ын гишүүнийг эгүүлэн татаж хариуцлага тооцох, Шүүх засаглалын хараат бус байдлыг хангах үүднээс сахилгын хороо байгуулах зэрэг олон чухал заалтууд тусгагдлаа.

ФЭЙСБҮҮК ШУУД