Улсын Их хурал

Монгол Улс эдийн засгийн саарал жагсаалтад орсноос үүдэн Монголбанкны ерөнхийлөгч Баяртсайхан, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Даваасүрэн нарыг албан үүргээс нь чөлөөлж хариуцлага тооцох асуудлыг байнгын хороогоор хэлэлцэн дэмжсэн. Тэгвэл өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцлээ.  Зарим гишүүдийн хувьд хариуцлага тооцох арга хэмжээг цогцоор нь авах ёстой гэсэн байр суурийг илэрхийлж байна.  

Улсын их хурлын дарга Санхүүгийн зохицуулах хорооны дарга болон Монгол банкны ерөнхийлөгчид хариуцлага тооцно гэдгээ мэдэгдсэн. Монгол банкны ерөнхийлөгчийн хувьд ажлаа өгөхөд бэлэн гэж мэдэгдээд байгаа. Харин санхүүгийн зохицуулах хорооны дарга ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн. Гэвч хурлын уур амьсгал Баяртсайхан болон Даваасүрэн нарыг чөлөөлөхийг эсрэг байсан тул МАН-ын бүлгээс энэ асуудлаар завсарлага авлаа.

Ирэх долоо хоногт эдийн засгийн байнгын хороогоор саарал жагсаалтад орсон асуудлаар хаалттай хуралдана. Үүний дараа чөлөөлөх асуудлыг ярих ёстой гэж үзэж байна. Саарал жагсаалтад орсон шалтгааныг хэлэлцсэний дараа хариуцлагын асуудлыг ярилцах нь зүйтэй гэж гишүүд үзэж байна.

Монгол банкны ерөнхийлөгчийн зүгээс Монгол улс саарал жагсаалтад орсон шалтгааныг ярих гэхээр 95 хувь нь олон нийтэд дэлгэж болохгүй мэдээлэл байгааг онцолсон. УИХ-ын дарга ч нарийн мэдээллүүдийг задалж болохгүй байгааг мэдэгдсэн. Тиймээс энэ асуудлаар сайтар зөвлөлдөж УИХ-ын гишүүд ч нэгдсэн ойлголтод авах нь зүйтэй гэдгийг гишүүд хэлж байлаа.