Улсын Их хурал

Удахгүй Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн сүүлийн хэлэлцүүлэг болно. Үүнд бэлтгэх зөвшилцлийн ажлын хэсэг тодорхой саналууд дээр нэгдэж эхэллээ. Ерөнхий сайд танхимаа өөрөө бүрдүүлэх асуудал дэмжигдсэн бол сонгуулийн холимог тогтолцоог үндсэн хуульд тусгах асуудал мөн дэмжлэг авчээ. Гэхдээ хэдэн хувь нь можаритор, хэд нь пропорциональ байх вэ гэдэг дээр талууд дахин ярилцахаар болсон байна.

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгээр унаад байсан Ерөнхий сайд танхимаа өөрөө бүрдүүлэх заалтыг гуравдугаар хэлэлцүүлэгт сэргээн оруулж засаглалын тогтвортой байдлыг Үндсэн хуулиндаа тусгах нь зүйтэй гэж зөвшилцлийн ажлын хэсэг үзсэн. Харин сонгуулийн тогтолцоог холимог системээр явуулах заалтыг Үндсэн хуульд тусгах асуудлыг эцэслэн шийдээгүй байна. Гэхдээ гишүүдийн зүгээс уг асуудалд санал нэгдэж эхэлсэн ч дахин сайтар ярилцах нь зүйтэй гэж олонхий бүлгийн дарга хэллээ.

Сонгуулийн тогтолцоог холимог системээр явуулах асуудлыг Үндсэн хуулинд хатуу тусгах нь эрсдэлтэй гэж үзэх гишүүд ч байгаа. Холимог тогтолцоо гэдэг нь 76 гишүүний талыг иргэд олон нийт сонгож тал нь намаас сонгогдох юм. Ардчилсан нам холимог тогтолцоог Үндсэн хуульдаа тусгах байр сууринд хатуу зогсоно гэлээ. Хэрэв тэдний саналыг хүлээж авахгүй бол Үндсэн хуулийн хэлэлцүүлэгт оролцохгүй гэж байгаа юм.

Үүнээс гадна ерөнхийлөгчийг парламентаас томилох заалтыг Үндсэн хуульд тусгахыг Ардчилсан нам шаардаж байгаа. Харин Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд халдах хараат бус байдлыг алдагдуулах заалт гэж үзэж байгаагаа хэлсэн. Холимог тогтолцоо ерөнхийлөгчийг парламентаас томилох заалтуудыг ирэх долоо хоногт намын бүлгүүд болоод зөвшилцлийн ажлын хэсэг дахин авч хэлэлцэхээр болсон байна.