Улсын Их хурал

Манай улс санхүүгийн саарал жагсаалтад багтсантай холбоотой Монголбанкны ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны дарга нарт хариуцлага тооцохоо УИХ-ын дарга мэдэгдсэн. Монголбанкны ерөнхийлөгчийн тухайд арилжааны банкуудын өөрийн хөрөнгөө нэмэгдүүлсэн эх үүсвэрт хяналт тавиагүй гэдэг асуудлыг хөндөж байгаа. Учир нь ОУВС-гаас арилжааны банкуудад өөрийн хөрөнгийн эх үүсвэрээ нэмэгдүүлэх хугацаатай үүрэг өгч энэ дагуу банкууд хөрөнгөө нэмэгдүүлсэн байдаг. Гэвч  ХААН, Голомт, Худалдаа хөгжил гэх мэт томоохон банкууд эх үүвэрээ хэрхэн нэмэгдүүлсэнээ тайлагнаж чадаагүйн дээр шалгуулахаас татгалзсан нь олон улсын байгууллагын анхаарлыг татсан гэдгийг эх сурвалжууд хэлж байгаа юм.

Өөрөөр бол банкууд мөнгө угаах замаар санхүүгийн эх үүсвэрээ нэмэгдүүлсэн гэж үзэхэд хүргэжээ. Тиймээс энэ асуудалд төв банкны ерөнхийлөгч Н.Баяртсайханд хариуцлага тооцно гэж УИХ-ын дарга мэдэгдсэн. Түүнд хариуцлага тооцох асуудлыг Эдийн засгийн байнгын хороо хэлэлцэж мөн л гишүүдийн олонхи нь дэмжлээ. Улмаар байнгын хороон дарга нэгдсэн чуулганд танилцуулахаар болсон юм. 

Харин Монголбанкны ерөнхийлөгч Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд оролцохдоо өөрийн байр суурийг илэрхийлсэн. Тэрээр “Бид хамтарч банкны салбарын хууль эрхзүйн орчныг шинэчилж чадлаа. Өнөөдөр банкны салбарт үйлчилж байгаа бүх хуулийг өөрчилж шинэчилсэн. Би онгирч бардамнаж байгаа юм биш эдийн засгийн ямар ч салбар ингэж хууль эрхзүйн орчноо өөрчлөн шинэчилж чадаагүй шүү. Арилжааны банкуудын эрүүл мэндийг сайжруулахад чиглэж ажилласан. Үүгээр банкны салбарын өөрийн хөрөнгийн дутагдлыг тодруулж, төлөвлөгөө гаргуулж, өөрийн хөрөнгийг нь нэмэгдүүлж энэ салбарт хийгдэж байгаагүй томоохон ажлуудыг хийсэн. Энэ нь 2-3 жилийн хугацаанд хийгдсэн томоохон шинэчлэл. Бид саарал жагсаалтад хоёр дахь удаагаа орж байна. Ер нь юунаас болж оров, юу болоод өнгөрөв гэдгийг мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн ажлын хэсэг гаргаад дүгнэх нь улс орны цаашдын хувь заяанд хэрэгтэй. Би бол хариуцлагаа хүлээнэ надад бултаж зугтах зүйл байхгүй. Гэхдээ юунаас болов гэж. Өнөөдөр би олон зүйлийг ярихгүй сууж байна. Би ярих ёстой зүйлийнхээ 10 хувийг ярьж байна. Ярих юм бол зөндөө байна. Гадаад харилцааны асуудал Монгол улсын хөрөнгө оруулагчдад хандаж байгаа хандлага, эдийн засгийн тогтолцооны асуудал байгаа. Тиймээс ажлын хэсэг гаргаж шалгаад дүгнэлтээ хаалттай хэлэлцэнэ биз. Энэ бол Монгол улсын цаашдын хувь заяанд хэрэгэй. Энэ бол ганц байгууллагын асуудал биш тогтолцооны асуудал гэсэн юм.