Улсын Их хурал

Манай улс санхүүгийн саарал жагсаалтад багтсантай холбоотой Монголбанкны ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны дарга нарт хариуцлага тооцохоо УИХ-ын дарга мэдэгдсэн. Учир нь Санхүүгийн зохицуулах хороо банк бус санхүүгийн байгууллагууд, хадгаламж зээлийн хоршоодын үйл ажиллагаанд тавьж байгаа хяналт хангалтгүйн дээр алт үнэт эдлэл, үл хөдлөх хөрөнгийн наймааг зохицуулах зохицуулалт байхгүй байгаа нь саарал жагсаалтад багтахад нөлөөлсөн гэж байгаа. Тиймээс Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэнд хариуцлага тооцож үүрэгт ажлаас нь чөлөөлөх УИХ-ын даргын саналыг Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж гишүүдийн олонхи дэмжлээ.

Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн мэдэгдэл хийхдээ, 500 гаруй ББСБ, 200 гаруй ХЗХ-дын хяналт, зохицуулалт сул байснаас саарал жагсаалтад орсон зүйл байхгүй гэдгийг илэрхийлсэн. Мөн тэрээр Миний бие Санхүүгийн Зохицуулах Хороог удирдахдаа хийж бүтээх нь хэлж ярихаас үргэлж хүчтэй гэдэгт итгэж, сүүдэрт байсан санхүүгийн салбарт гэрэл асааж ажиллалаа. Гэвч үнэнээс илүү худал ярьдаг, зөвд бус бурууд чиглүүлдэг, хоосон яриа, хов живээр ажлаа явуулдаг, нэгийг ярьж нөгөөг үйлддэг явдал байсаар байгаа нь төрийг хэрхэн хүчгүйдүүлж, олныг хэрхэн талцуулж, тамирдуулж байгааг нүдээрээ харж, биеэрээ мэдэрлээ. Тэд зөвхөн өөрийн албан тушаал, эрх мэдлээ хэвээр хадгалахын тулд өнөө маргаашийг харсан, бодлогогүй, болчимгүй шийд гаргадаг, асуудлын мөн чанар, агуулгад шинжилгээ хийдэггүй, ингэхдээ хайлж хашгирсан, өргөдөл, өргөх бичиг өгдөг цөөн хэдэн хүний амыг таглаж, асуудлыг шийдсэн болдог. Тиймээс төрийг хүчгүйдүүлж байгаа зохиомол гажуудалтай тэмцэх болно гэсэн юм.