Улсын Их хурал

Манай улс санхүүгийн саарал жагсаалтад багтсантай холбоотой Монголбанкны ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны дарга нарт хариуцлага тооцохоо УИХ-ын дарга мэдэгдсэн.

Учир нь Санхүүгийн зохицуулах хороо банк бус санхүүгийн байгууллагууд, хадгаламж зээлийн хоршоодын үйл ажиллагаанд тавьж байгаа хяналт хангалтгүйн дээр алт үнэт эдлэл, үл хөдлөх хөрөнгийн наймааг зохицуулах зохицуулалт байхгүй байгаа нь саарал жагсаалтад багтахад нөлөөлсөн гэж байгаа. Тиймээс Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэнд хариуцлага тооцож үүрэгт ажлаас нь чөлөөлөх УИХ-ын даргын саналыг Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж гишүүдийн олонхи дэмжлээ. Харин Монголбанкны ерөнхийлөгчийн тухайд арилжааны банкуудын өөрийн хөрөнгөө нэмэгдүүлсэн эх үүсвэрт хяналт тавиагүй гэдэг асуудлыг хөндөж байгаа. Учир нь ОУВС-гаас арилжааны банкуудад өөрийн хөрөнгийн эх үүсвэрээ нэмэгдүүлэх хугацаатай үүрэг өгч энэ дагуу банкууд хөрөнгөө нэмэгдүүлсэн байдаг. Гэвч  ХААН, Голомт, Худалдаа хөгжил гэх мэт томоохон банкууд эх үүвэрээ хэрхэн нэмэгдүүлсэнээ тайлагнаж чадаагүйн дээр шалгуулахаас татгалзсан нь олон улсын байгууллагын анхаарлыг татсан гэдгийг эх сурвалжууд хэлж байгаа юм. Өөрөөр бол банкууд мөнгө угаах замаар санхүүгийн эх үүсвэрээ нэмэгдүүлсэн гэж үзэхэд хүргэжээ. Тиймээс энэ асуудалд төв банкны ерөнхийлөгч Н.Баяртсайханд хариуцлага тооцно гэж УИХ-ын дарга мэдэгдсэн. Түүнд хариуцлага тооцох асуудлыг Эдийн засгийн байнгын хороо хэлэлцэж мөн л гишүүдийн олонхи нь дэмжлээ. Улмаар байнгын хороон дарга нэгдсэн чуулганд танилцуулахаар болсон юм.

С. ДАВААСҮРЭН: СЗХ ҮҮРГИЙНХЭЭ ДАГУУ АЖИЛЛАСАН ХАРИН ТӨРИЙГ ХҮЧГҮЙДҮҮЛЖ БАЙГАА ГАЖУУДАЛ БИЙ

Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн мэдэгдэл хийхдээ, 500 гаруй ББСБ, 200 гаруй ХЗХ-дын хяналт, зохицуулалт сул байснаас саарал жагсаалтад орсон зүйл байхгүй гэдгийг илэрхийлсэн. Мөн тэрээр Миний бие Санхүүгийн Зохицуулах Хороог удирдахдаа хийж бүтээх нь хэлж ярихаас үргэлж хүчтэй гэдэгт итгэж, сүүдэрт байсан санхүүгийн салбарт гэрэл асааж ажиллалаа. Гэвч үнэнээс илүү худал ярьдаг, зөвд бус бурууд чиглүүлдэг, хоосон яриа, хов живээр ажлаа явуулдаг, нэгийг ярьж нөгөөг үйлддэг явдал байсаар байгаа нь төрийг хэрхэн хүчгүйдүүлж, олныг хэрхэн талцуулж, тамирдуулж байгааг нүдээрээ харж, биеэрээ мэдэрлээ. Тэд зөвхөн өөрийн албан тушаал, эрх мэдлээ хэвээр хадгалахын тулд өнөө маргаашийг харсан, бодлогогүй, болчимгүй шийд гаргадаг, асуудлын мөн чанар, агуулгад шинжилгээ хийдэггүй, ингэхдээ хайлж хашгирсан, өргөдөл, өргөх бичиг өгдөг цөөн хэдэн хүний амыг таглаж, асуудлыг шийдсэн болдог. Тиймээс төрийг хүчгүйдүүлж байгаа зохиомол гажуудалтай тэмцэх болно гэсэн юм.

Н. БАЯРТСАЙХАН: БИ ЯРИХ ЁСТОЙ ЗҮЙЛИЙНХЭЭ 10 ХУВИЙГ Л ЯРЬЖ БАЙНА ЭНЭ БОЛ ГАНЦ БАЙГУУЛЛАГЫН АСУУДАЛ БИШ

Харин Монголбанкны ерөнхийлөгч Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд оролцохдоо өөрийн байр суурийг илэрхийлсэн. Тэрээр “Бид хамтарч банкны салбарын хууль эрхзүйн орчныг шинэчилж чадлаа. Өнөөдөр банкны салбарт үйлчилж байгаа бүх хуулийг өөрчилж шинэчилсэн. Би онгирч бардамнаж байгаа юм биш эдийн засгийн ямар ч салбар ингэж хууль эрхзүйн орчноо өөрчлөн шинэчилж чадаагүй шүү. Арилжааны банкуудын эрүүл мэндийг сайжруулахад чиглэж ажилласан. Үүгээр банкны салбарын өөрийн хөрөнгийн дутагдлыг тодруулж, төлөвлөгөө гаргуулж, өөрийн хөрөнгийг нь нэмэгдүүлж энэ салбарт хийгдэж байгаагүй томоохон ажлуудыг хийсэн. Энэ нь 2-3 жилийн хугацаанд хийгдсэн томоохон шинэчлэл. Бид саарал жагсаалтад хоёр дахь удаагаа орж байна. Ер нь юунаас болж оров, юу болоод өнгөрөв гэдгийг мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн ажлын хэсэг гаргаад дүгнэх нь улс орны цаашдын хувь заяанд хэрэгтэй. Би бол хариуцлагаа хүлээнэ надад бултаж зугтах зүйл байхгүй. Гэхдээ юунаас болов гэж. Өнөөдөр би олон зүйлийг ярихгүй сууж байна. Би ярих ёстой зүйлийнхээ 10 хувийг ярьж байна. Ярих юм бол зөндөө байна. Гадаад харилцааны асуудал Монгол улсын хөрөнгө оруулагчдад хандаж байгаа хандлага, эдийн засгийн тогтолцооны асуудал байгаа. Тиймээс ажлын хэсэг гаргаж шалгаад дүгнэлтээ хаалттай хэлэлцэнэ биз. Энэ бол Монгол улсын цаашдын хувь заяанд хэрэгэй. Энэ бол ганц байгууллагын асуудал биш тогтолцооны асуудал гэсэн юм.