Улсын Их хурал

Улс төрийн хүрээнд Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тухай хууль маргаан дагуулж эхлээд байна. Компаниуд татвараас нуугдах тохиолдол байсан учраас ачсан, борлуулсан, олборлосон бүх тохиолдолд татвар авахаар зохицуулжээ. Харин Үндсэн хуулийн цэц аж ахуй нэгжүүдээс татвар давхардуулан авах нөхцөл бүрдсэн буюу Үндсэн хууль зөрчсөн гэж үзээд байгаа юм. Энэ татвар жилдээ 1.2 их наяд төгрөг улсын төсөвт бүрдүүлдэг байна. Гишүүдийн хувьд энэ татварыг авах нь зөв. Хамгийн гол нь хуулийн ойлголтоо нэг мөр болгох ёстойг хэлж байна.

УИХ эрдэс баялгийн салбараас ашиг олж байгаа хэн бүхнээс татвар авах хуулийн зохицуулалтыг хийсэн. Өмнө зөвхөн зөвшөөрөл бүхий компаниас ашигт малтмалын нөөц ашигласны татварыг авдаг байсан бол олборлосон, худалдсан, зуучилсан гээд ашиг олж байгаа бүхэн татвараа төлдөг байхаар хуульчилсан. Ингэхдээ татварын хэмжээг таван хувь байхаар тусгаж ирэх оны төсөвт 1.3 их наяд төгрөгийн татварын орлого бүрдүүлэхээр тооцсон. Гэвч энэ асуудлыг Үндсэн хуулийн цэц үгүйсгэж хуулийн этгээдээс давхар татвар авах зохицуулалт гэж үзсэн юм. Харин УИХ-ын эдийн засгийн байнгын хороо татварыг давхардуулж авсан зүйл байхгүй гэж үзжээ.

Харин цэцийн гаргасан шийдвэрт ерөнхийлөгч болоод ерөнхийлөгчийн тамгын газрын дарга нөлөөлсөн байх магадлалтай гэж цахим орчинд бичих болсон. Учир нь ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболдын дүү Старто гэх нүүрс угаах компанитай. АМНАТ-ын татварын таван хувиар авч эхлэснээр тус компаниас эхлээд олон газар өндөр татвар төлөх болоод байгаа тул ийм лобби явсан гэх мэдээлэл цацагдаж байгаа юм. Харин энэ асуудалад Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга дараах байр суурийг илэрхийлж байна.

З. ЭНХБОЛД: ХЯТАД ИМПОРТЛОГЧДЫН ЗАХИАЛГААР САНГИЙН САЙД АМНАТ-ЫГ ОРУУЛЖ ИРСЭН

Цэцийн дээр хөх тэнгэр л бий гэдэг шиг цэцийн гаргасан шийдвэрийг өөрчилж чадахгүй тул УИХ хуулиа засахаас өөр аргагүй. Энэ хүрээнд ажлын хэсэг гарч шаардлагатай зохицуулалтыг хийж УИХ-аар нэн даруй хэлэлцүүлэхээр болжээ. Гэхдээ ашигт малтмалын нөөц ашиглаж байгаа хэн бүхнээс Монгол улс татвараа авдаг байхаар зохицуулна гэдгийг УИХ-ын дарга өнөөдөр онцолсон юм.

ФЭЙСБҮҮК ШУУД