Улсын Их хурал

Өмгөөлөгчдийн эрх зүйн орчныг сайжруулснаараа онцлог болж байгааг гишүүд хэлж байна. Өмгөөлөгч өмгөөллийн үйлчилгээ үзүүлэхдээ хүлээх үүрэг, эдлэх эрхийг тодорхой болгожээ. Мөн иргэдэд өөрийгөө өмгөөлөх эрхийг нь олгохоор тусгажээ. Ингэснээр өмгөөлөгчгүй байсан ч иргэн хүн шүүх хуралд өөрийгөө хамгаалах боломж нээгдэж байгаа юм.

Өмгөөллийн тухай хуулиар иргэн хүн өөрийгөө өмгөөлөх эрхзүйн үндэс бүрдэж байна.  Учир нь санхүүгийн  боломж муутай иргэдэд эрхзүйн туслалцаа хэрэг болоход хамгийн хямд өмгөөлөгч хайдаг. Гэтэл ингэж олсон өмгөөлөгч иргэдийн мөнгийг аваад зугтах шүүх хурал дээр өөртөө давуу байдал зэргийг бий болгодог учраас хуульчилж өгөх нь зүйтэй гэж үзжээ. Мөн дан ганц өмгөөлөгч гэлтгүй шүүх , прокурор зэрэг төрийн байгууллагад ажиллаж байсан албан хаагч ажлаасаа халагдсан тохиолдолд хоёр жил хүртэлх хугацаанд ижил төрлийн алба эрхлэхгүй байхаар тусгажээ.  Бүр ёсзүйн асуудлаас үүдэлтэйгээр ажлаас чөлөөлөгдсөн бол огт ажилд авахгүй байхыг ч нарийвчлан зааж өгсөн байна.

Өмгөөлөгчдийн хувьд ажил үүргийн давуу байдлаа ашиглан бусдыг гүтгэх, дарамтлах асуудал гардагийг зохицуулах, хууль шүүх хүчний байгууллагад гарсан алдаа завхарлыг засах тэгш боломж бүрдсэн хууль бол өмгөөллийн тухай хууль гэж гишүүд үзэж дэмжиж байгаагаа илэрхийллээ.

Өмгөөллийн тухай хууль нь өмгөөллийн үйл ажиллагааны амин сүнс болсон үйлчлүүлэгч өмгөөлөгчийн хоорондын харилцааг тодорхой болгож,  иргэд өмгөөлөгчтэй гэрээ байгуулснаар өмгөөлүүлэх эрх үүсдэг байсан бол хуулийн зохицуулалтаар үйлчлүүлэгч өмгөөлөгчид нууцаа ярьснаар өмгөөллийн үйл ажиллагаа эхэлдэг эрхзүйн зохицуулалт бүрдэж байна. Мөн үйлчлүүлэгчийн нууцтай холбоотой асуудлыг өмгөөлөгч хариуцдаг нууцлалын зэрэглэлийг сайтар хангадаг байх асуудлыг ч тусгаж өгчээ.  Уг хуулийн төслийг өнгөрсөн оны 12 сард Засгийн газраас өргөн мэдүүлсэн юм. Тэгвэл  ийнхүү өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд хэлэлцсэн өмгөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж баталлаа.