Улсын Их хурал

УИХ ын нэр бүхий гишүүд мал сүргийг гэмт халдлагаас хамгаалж, мал хулгайлах гэмт хэргийн эсрэг тууштай тэмцэх, гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг судалж малын хулгайч нарт оноох ял шийтгэлийг оновчтой болгох үүднээс эрүүгийн болон зөрчлийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барилаа. төслийг дагалдуулан Зөрчлийн тухай хуульд гарал үүслийн гэрчилгээгүй мал, махыг худалдан авч, дамжуулан худалдсан этгээдэд хариуцлага тооцох заалтыг нэмэлтээр оруулж байгаа юм

Одоо хүчин төгөлдөр мөрдөж байгаа эрүүгийн хуулиар мал хулгайлах гэмт хэргийг хулгайлах гэмт хэргээс ялган ойлгож тусгай зүйлээр зохицуулдаг. Гэвч ингэж зохицуулахдаа бусдын малыг хулгайлсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан байдаг.  Хэдийгээр малын хулгайд ял шийтгэл ногдуулах заасан байдаг ч “олон тооны мал” гэж хорин дөрвөн бог, найман бодоос дээш малыг ойлгоно гэж заажээ. Богийг бодод шилжүүлэхдээ нэг бодыг гурван богоор тооцно” гэж тус тус заасан. Ингэснээр “олон тооны мал”-д тооцох хэмжээний мал хулгайлаагүй тохиолдолд хохирогчид учирсан эдийн засгийн бодит хохирлыг барагдуулах ял шийтгэл ноогдуулахгүй өнгөрч байгаа юм. Малын хулгайч нар хуулийн энэ цоорхойг ашиглан дээрх тоонд хүргэлгүй хулгай хийгээд хэвшчихсэн. Тиймээс олон тооны мал гэх тоон үзүүлэлтийг  зохистой хэмжээнд хүртэл бууруулан тогтоох, улмаар малын хулгайлагчдад хүлээлгэх ял, шийтгэлийн бодлогыг чангатгах шаардлагах хуулийн төслийг өргөн барилгаа

Мал хулгайлах гэмт хэрэгт хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан ял шийтгэл оногдуулах асуудал тодорхой хуульчлагдаагүй тул малчин өрхийн болон мал бүхий иргэдэд учирч байгаа хохирол, хор уршгийг тооцох аргачлал, гэмт этгээдэд оногдуулах ял, шийтгэлийг оновчтой тогтоох зорилгоор холбогдох хуульд өөрчлөлт оруулах нь маш чухал гэдгийг хууль санаачлагч онцоллоо.

Хуулийн төслийг дагалдуулан Зөрчлийн тухай хуульд гарал үүслийн гэрчилгээгүй мал, махыг худалдан авч, дамжуулан худалдсан этгээдэд мөн хариуцлага тооцох  асуудлыг оруулж байгаа юм.