Улсын Их хурал

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсэг хуралдсаар байна. Монгол Ардын намын бүлэг ерөнхийлөгчийн хоригт багтсан зарим засварууд болон Ардчилсан намаас гаргасан сонгуулийн холимог тогтолцоог хүлээн авах эсэх дээр ярилцаж эхэлжээ. Үндсэн хуулийн өөрчлөлтийн хувьд одоо гурав дахь хэлэлцүүлэг хүлээгдэж байна. 

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг цаашид хэрхэн явуулах асуудал дээр эрх баригчдад хоёр гарц үлдсэн. Үүний нэг нь ард нийтийн санал асуулга явуулах тогтоолд тавьсан ерөнхийлөгчийн хоригийн дагуу тогтоолын төслийн зарим нэршилд өөрчлөлт оруулан ерөнхийлөгчийн хоригт нийцүүлж ард нийтийн санал асуулга явуулах. Эсвэл УИХ-аар  гуравдугаар хэлэлцүүлэг хийж 57 гишүүний саналын босгыг давуулан батлах гэсэн хоёр сонголт байгаа юм. Цаашид Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэрхэн явуулах асуудлаар ерөнхийлөгч эрх баригч нам сөрөг хүчний төлөөллүүд зөвшилцсөөр байна. Зөвшилцлийн хүрээнд дараах шийдэлд хүрсэн гэдгийг олонхийн бүлгийн дарга хэллээ.

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг ард нийтээрээ батлуулах шаардлагыг удаа дараа тавьсан Ардчилсан нам хаврын тэнгэр шиг аашаа хувиргаж эхэлсэн гэхэд буруудахгүй. Тэдний зүгээс ард нийтийн санал асуулга явуулахыг эсэргүүцээд зогсохгүй парламентаар ерөнхийлөгчийг томилох, сонгуулийн тогтолцоог холимог системээр буюу намын жагсаалтаар зарим гишүүдийг сонгодог байх зэрэг хэд хэдэн шаардлага тавьж байгаа. Тэгвэл сонгуулийн тогтолцоог холимог системээр явуулахыг үндсэн хуульдаа тусгах нь зөв үү гэдэг дээр гишүүдээс байр суурийг нь тодрууллаа.

УИХ ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсантай холбоотой хоёрдугаар хэлэлцүүлгээр батлагдсан 53 зүйл бүхий үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг задлаж ерөнхийлөгч болоод Ардчилсан намын саналыг тусгах асуудлыг зарим гишүүд хөндөх болсон. Харин хоёрдугаар хэлэлцүүлгээр батлагдсан төслийг огт хөндөхгүй гэдгийг олонхийн бүлгийн дарга онцолсон юм. Гэхдээ зөвшилцлийн хүрээнд хоёрдугаар хэлэлцүүлгээр гишүүдийн дэмжлэг аваагүй унасан ерөнхийлөгчийн болоод Ардчилсан намын зарим саналыг гурав дугаар хэлэлцүүлэг хийвэл дахин оруулахаар ярилцаж байгаа гэлээ.