Меркель Лукашенкотой дүрвэгсдийн асуудлаар утсаар хэлэлцлээ

Улс төр

ЕХ-ны улс орнууд болоод Беларусийн хооронд үүсээд байгаа дүрвэгсдийн хямралын талаар улс орнуудын тэргүүлэгчид хэлэлцжээ. 

ХБНГУ-ын Канцлерын үүрэг гүйцэтгэгч Ангела Меркель Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенкотой утсаар хэлэлцэн, Минск болон Варшавын хооронд үүсээд байгаа хилийн аюулгүй байдал, дүрвэгсэдтэй холбоотой асуудлыг хөндсөн байна. 

Ангела МеркельАлександр Лукашенкотой даваа гарагийн орой утсаар хэлэлцжээ.

Хатагтай Меркелийн хувьд тэрээр Барууны улс төрчдөөс Беларусийн төрийн тэргүүнтэй үүссэн асуудал, нөхцөл байдлын талаар шууд утсаар хэлэлцсэн анхны удирдагч болжээ.

Талууд утасны ярианы үеэр Беларусь болон ЕХ-ны хилийн бүс дагуу үүсээд байгаа нөхцөл байдал, хууль бус цагаач дүрвэгсдийн асуудал, хил дагуу үүссэн дүрвэгсдийн бөөгнөрөлийн улмаас хүмүүнлэгийн гамшиг нүүрлээд байгааг хэрхэн зохицуулах асуудлаар санал бодлоо хуваалцжээ.

Беларусийн тал хилээ нээснээс шалтгаалан энэ улсаар дамжин цааш Европын улс орнууд руу Польш, Литв, Латви зэрэг орноор дамжин гарах гэсэн хэдэн мянган цагаач хилийн бүсэд, өргөст торны наана бөөгнөрч, дүрвэгсэдтэй холбоотой нөхцөл байдал өдрөөс өдөрт хүндэрсээр байгаа юм.