Нөхөн сонгууль болох Хэнтий аймаг, СХД-ийн 3000 орчим иргэн халдварт өртжээ

Улс төр

Сонгуулийн ерөнхий хорооны Хууль эрхзүйн хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэ: "Коронавируст халдварын улмаас тусгаарлагдсан, эмнэлэгт болон гэрээр эмчлүүлж байгаа сонгогчдоос зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах зэрэг ажлыг зохион байгуулна.

Иймд 18, 28 дугаар тойргийн сонгогч ковидын халдварын улмаас гэрээр эмчлүүлж байгаа бол өөрийн харьяа хэсгийн хороондоо утсаар, тусгаарлагдсан болон эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа сонгогч тухайн тусгаарлах байр, эмнэлгийн захиргаанд хандаж, зөөврийн битүүмжилсэн хайрцгаар саналаа өгөх хүсэлтээ аравдугаар сарын 06-ны буюу өнөөдрийн 17:00 цагаас өмнө гаргах хэрэгтэй.

Одоогийн байдлаар хоёр тойрогт нийт 1500 хүн зөөврийн битүүмжилсэн хайрцгаар саналаа өгөхөөр бүртгүүлсэн байна. Халдвар авсан иргэдийн тоог тойргийн хэмжээнд гаргасан бөгөөд Хэнтий аймаг, Сонгинохайрхан дүүрэгт тус бүр 3000 орчим иргэн халдвар авсан гэдэг тоог аймаг, дүүргийн онцгой комиссоос гарган өгчээ.  Нөхөн сонгуулийн бэлтгэл ажил бүрэн хангагдаж байна. Өнөөдөр техникийн бүрэн бүтэн байдлыг шалгаж үзлээ. Энэ удаагийн нөхөн сонгууль дотооддоо халдвар алдсан хүндхэн үед болж буй. Ийм учраас Үндсэн хуульд заасан хүний сонгох, сонгогдох эрхийг хангах талаар шаардлагатай бүх арга хэмжээг авч ажиллах үүрэгтэй. Энэ үүргийнхээ хүрээнд ковидын халдвар авч гэрээр болон эмнэлэгт эмчлүүлж байгаа хүмүүсийн сонгох эрхийг нь хангах хүрээнд ажлуудыг зохион байгуулж байна" гэлээ.