Мах бэлтгэгч аж ахуйн нэгжүүдэд олгох гурван хувийн зээлийн санхүүжилтийг 100 тэрбумаар нэмэгдүүллээ 

Нийгэм

Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж  газар тариалан, мах бэлтгэл, хүнсний ногоо, ноос ноолуурын чиглэлээр 500 тэрбум төгрөгийн зээлийг гурван хувийн хүүтэй олгоод байгаа. Тус зээлийн санхүүжилтээс одоогоор 319 тэрбум төгрөгийн зээлийг олгосон байна.

Тэгвэл өнгөрсөн засгийн газрын хуралдаанаар тогтоол гаргаж 2021-2022 онд хэрэглэх төв суурин газрын махны нөөцийг бүрдүүлж үнийг тогтвортой байлгах үүднээс зээлийн санхүүжилтийг 100 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлжээ. 

Хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнд засгийн газар хатуу үнийн зохицуулалт хийх боломжгүй тул аж ахуй нэгжүүдийг зээлийн болон татварын хөнгөлөлтөөр дэмжиж үнийг уян хатан байлгах чиглэлд анхаарч ажиллаж байгааг онцолж байна. Зээлийн санхүүжилтийг дахин нэмэгдүүлж байгаа нь мах бэлгэн нийлүүлэгч аж ахуй нэгжүүдэд маш том дэмжлэг гэдгийг салбарын сайд хэллээ.

Дотоодын мах бэлтгэгч аж ахуй  нэгж зээлийг одоо олгож байгаа хэлбэрээр гурван хувийн хүүтэй авна гэдгийг тэрээр ийнхүү хэллээ. Ямартай ч зээлийн санхүүжилтийг нэмэгдүүлж байгаа нь ирэх өвлийн махны нөөц, үнийг тогтвортой барихад томоохон нөлөө үзүүлэхийг онцоллоо.