Улс төр

Киргизийн ерөнхийлөгч Сооронбай Жээнбеков улс орондоо болох парламентын сонгуулийн дараа албан сэнтийгээсээ буух болно хэмээн Ерөнхийлөгчийн хэвлэл мэдээллийн албаны дарга Толгонай Стамалиева мэдэгджээ.

Ерөнхийлөгчийн хэвлэлийн албаны төлөөлөгчийн мэдээлснээр Киргизид парламентын сонгууль болж улс орон хууль ёсны засгийн газрын мэдэлд очин, дараагийн ерөнхийлөгчийн сонгуулийн товыг тогтсоны дараа төрийн тэргүүн албан сэнтийгээсээ буух юм байна. Тэгвэл энэхүү мэдэгдлийн дараа нийслэл Бишкек хотод мөн л олныг хамарсан жагсаал болж, иргэд нь ерөнхийлөгчөө огцрохыг шаарджээ. Киргизийн ерөнхийлөгч өнгөрсөн лхагва гарагт Садыр Жапаров тэргүүтэй шинэ засгийн газрыг үүрэгт албанд нь оруулах тухай тушаалд гарын үсэг зурсан.

Энэ өдөр Жээнбэков болон Жапаров нар нүүр тулан уулзаж, ерөнхийлөгчийг албан сэнтийгээсээ буух асуудлыг хөндсөн юм. Тэгвэл энэ үеэр ерөнхийлөгч улс орондоо тогтвортой байдал бий болгохын тулд яриа хэлэлцээ хийхэд бэлэн гэдгээ илэрхийлсэн ч албан сэнтийгээ яаран орхих нь улс орны эрх ашигт харшилна гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна. Киргизийн СЕХ энэ сарын 4-нд улс орондоо болсон парламентын сонгуулийг хүчингүйд тооцон, улмаар ирэх 11-р сарын 6-наас өмнө парламентын шинэ сонгуулийн товыг тогтох ёстой юм.