НАТО, Холбоотон улс орнуудынхаа аюулгүй байдал, эрх ашгийг хамгаална

Улс төр

ОХУ, Украины нутаг дэвсгэр рүү халдан довтолсон явдлыг Умард Атлантын цэргийн эвсэл буюу НАТО эсэргүүцэж байгаагаа мэдэгдэн, Холбоотон улс орнуудынхаа эрх ашиг, аюулгүй байдлыг хамгаалах болно гэдгээ мэдэгджээ.

НАТО-ийн ерөнхий нар.б. дарга Йенс Столтенберг ОХУ, Украины эсрэг халдан довтолсноороо зөвхөн нэг улс орны эрх ашгийг хөндөөд зогсолгүй мөн Европ тивийн аюулгүй тогтвортой байдал руу халдсанд буруутгажээ. 

Брюссель дэх НАТО-ийн төв штабт хийсэн мэдэгдэлдээ Йенс Столтенберг

"ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украины нутаг руу “цэргийн тусгай ажиллагаа” гэж нэрлэсэн халдлага дайралт хийснээрээ “санаатайгаар, урьднаас төлөвлөсөн, дайралт” хийлээ"

гэсэн байна.

Түүнчлэн НАТО-ийн тэргүүн

“ОХУ, дэлхийн түүхийг эргүүлж, Европ тивийн аюулгүй байдлыг эрсдэлд орууллаа”

гэдгийг тодотгожээ.

Йенс Столтенберг мэдэгдэлдээ:

-Харамсалтай нь бидний хэдэн сарын туршид сэргийлэхийг хүссэн зүйл амьдрал дээр биеллээ оллоо. ОХУ-ын талыг Европ тивийн аюулгүй байдлыг эрсдэлд оруулж, бие даасан тусгаар улс орны нутаг дэвсгэр лүү халдан довтолсныг эрс шүүмжлэн буруутгаж, цаашид хямралыг дипломат арга замаар шийдвэрлэхийн тулд бүхий л гарц шийдлийг хайх болно. Европ тивийн аюулгүй тогтвортой байдал алдагдлаа...

гэжээ. 

НАТО-ийн тэргүүн түүнчлэн Умард Атлантын цэргийн эвслийн гишүүн улс орнуудын хүрээнд яаралтай уулзалт явуулахаар тогтон, Вашингтоны гэрээний 4-р зүйлд заасны дагуу Эстон, Латви, Литв, Польш улсуудын уриалгаар зөвлөлдөх уулзалт хийхээр төлөвлөжээ.

Түүнчлэн Йенс Столтенберг:

-Та бүхэн төөрөлдөх хэрэггүй, бид НАТО-ийн Холбоотон улс орнуудаа гадны халдан түрэмгийлэгчдээс ямар ч тохиолдолд хамгаалж, Умард Атлантын цэргийн эвсэлд нэгдэгч улс орны газар нутгаас нэг ч дюйм газар орныг гадны дайралт халдлагад өртүүлэхгүй хамгаалах болно. Чухам ийм шалтгаанаар бид дорно зүгт хүрээгээ тэлж, сүүлийн хоногуудад НАТО-ийн нутаг дэвсгэрийг хамгаалахын тулд мянгаад дайчид, цэргийн хөлөг онгоц, агаарын хүчнээ нэмж илгээсэн

гэжээ.

НАТО-ийн тэргүүн ийнхүү мэдэгдсэн ч одоогоор Умард Атлантын цэргийн эвсэл Украин улс руу цэргийн хүчнээ оруулахаар яарахгүй байгаан дээр, зөвхөн хамгаалах арга хэмжээ л авч байна.