Манай улсаас БНСУ руу ниссэн нэг нислэгээс 3 эерэг тохиолдол илэрчээ

Ковид-19 /дотоод/

Манай улсад халдварын тохиолдол намжмал түвшинд хүрээд байна. Гэхдээ халдвар бүртгэгдсэн хэвээр байх учраас халдвар хамгааллын дэглэм баримтлан, дархлаажуулалтад хамрагдахыг албаныхан сануулсаар байна. Улаанбаатар-Сөүл чиглэлийн нислэгээр БНСУ-ыг зорьсон гурван иргэнээс халдвар илэрсэн учраас манай улстай хийх нислэгээ түр цуцлаад байна. Цар тахлын дэглэмийг сулруулсан ч болгоомжлол илүүдэхгүй гэдгийг ЭМЯ-наас санууллаа. 

БНСУ-ын тал 17-23-ны хооронд Монгол Улсаас ирэх нислэгийг хязгаарлаад байна.

Энэ сарын 11-ний өдөр Монгол Улсаас БНСУ руу ниссэн нэг онгоцны 3 хүнээс ковид 19 халдвар илэрчээ. Улмаар БНСУ-ын талаас МИАТ компанийн нислэгийг 60 хүртэл хувьд нь хязгаарлан төлөвлөсөн нислэгүүдийг цуцалжээ.

Монголоос очиж байгаа иргэдээс халдварын тохиолдол илэрсээр байгаа тул Солонгосын тал энэ сарын 17-ны өдрөөс буюу өчигдрөөс эхлэн 23-ны өдрийг хүртэл Монгол Улсаас нислэг хүлээн авахгүй гэсэн байна.

Солонгос Улсад эерэг илэрсэн гурван иргэнийг 14 хоногийн хугацаанд тусгаарлан эмчилгээ хийж эхэлсэн байна.