Америк, Европын дипломатчид Украиныг орхин гарч байна

Улс төр

Дэлхийн улс орнууд Орос-Украины хямрал хурцдаж байгаагаас шалтгаалан Украин дахь иргэдийнхээ аюулгүй байдалд санаа зовинож, энэ улсыг орхин гарахыг хүсч, өнгөрсөн долоо хоногийн сүүлээр уриалга гаргасан.

Тэгвэл тэрхүү уриалга, анхааруулгын дагуу Барууны орнууд иргэдээ Украинаас нүүлгэн шилжүүлж, гаргаж эхэлжээ.

Украиныг тойрсон хямрал, Москва-Киевийн хоорондын асуудал, ОХУ болон Барууны улс орнуудын үл ойлголцол зэргээс шалтгаалан улс орнууд Украинаас иргэдээ аюулгүйн үүднээс гаргаж эхэлжээ. Тухайлбал АНУ, Украин дахь ЭСЯ-ныхаа ажилтан, албан хаагчдыг гаргаж эхлээд байна. АНУ болон Канад улсууд Киев дахь ЭСЯ-ны үйл ажиллагаагаа зогсоож, Львов хот руу түр шилжүүлжээ.Одоогоор ЕХ өөрийн төлөөлөгчийн газраа хаахаар яарахгүй байна. Өнөөдрийн байдлаар дэлхийн 20-иод улс орон Орос-Украины цэргийн мөргөлдөөнөөс болгоомжлон улсынхаа иргэдийг Украинаас гарахыг зөвлөжээ. Энэ уриалгыг Оросын тал Украинтай залгаа бүс дагуугаа цэргийн хүчин, техник, зэр зэвсгээ төвлөрүүлж байгаатай холбоотойгоор гаргасан байна. Нидерландын KLM агаарын тээврийн компани Украин улс руу хийх нислэгээ зогсоожээ.