Завхан аймаг биеийн тамир, спортын хороондоо ковидын 100 ор дэлгэлээ

Ковид-19 /дотоод/

Өнөөдрийн байдлаар /2021-09-06/ Завхан аймгийн Улиастай сумын Халдвартын эмнэлэгт 100 ор дэлгэж 101 өвчтөн, Хүүхдийн эмнэлэгт 100 ор дэлгэж 101 өвчтөн, Эдийн засгийн сургуульд 135 ор дэлгэж 133 өвчтөн эмчлүүлж байна. 

Аймгийн Засаг даргын нөөц сангийн 10 сая төгрөгийн санхүүжилтээр шинээр 50 ор худалдан авч, Улаан загалмайн нийгэмлэгийн хандиваар 50 ор, нийт 100 ортой ковидын эмнэлгийг аймгийн Биеийн тамир, спорт хороонд дэлгэж өнөөдрөөс өвчтөнөө авч эхэлжээ.

Эмч, эмнэлгийн ажилчдын хүрэлцээ муу, тусгаарлан ажиглах боловсон хүчний нөөцгүй болж байгаа тул энэ сарын 15-наас хэвийн горимд ажиллах бэлтгэл ажлаа хангаж байгаа тухай аймгийн Нэгдсэн эмнэлгээс мэдэгдлээ. Завхан аймгийн хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 4217 , эдгэрсэн 2961, эмчлэгдэж байгаа 1092 иргэн байна.

Эмнэлэгт 728 иргэн, гэрээр 364 иргэн эмчлүүлж байгаа юм. Үүнээс хөнгөн 932, хүндэвтэр 137, хүнд 18, маш хүнд 5 иргэн байна.

Вакцинжуулалтын I тунд 48.253 /88.3 хувь/, II тунд 46.150 /84.5 хувь/, 12-18 насны 6683 иргэн хамрагджээ. 55-аас дээш насны, II тунгаа хийлгээд гурван сараас дээш хугацаа өнгөрсөн бол Өрхийн эрүүл мэндийн төв дээрээ очиж вакцинжуулалтын 3-р тунгаа хийлгэх боломжтой байгааг албаны хүн мэдээллээ.

ЭРСДЭЛИЙН ХАРИЛЦАА ХОЛБООНЫ БҮЛЭГ