Эрүүл мэнд

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Сергей Диордица мэдээлэл хийлээ. Коронавирусын эсрэг вакцин гарган авахаар эрдэмтэн судлаачид ажиллаж байгаа ч өнөөдрийг хүртэл амжилттай болоогүй байна. Үхлийн аюултай цар тахлаас сэргийлэхийн тулд монголчууд Эрүүл мэндийн яамнаас өгч буй заавар зөвлөмжийг сайтар дагаж, шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байхыг анхаарууллаа.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Др Сергей Диордица Ковид 19 халдварын асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрээр

"Өнгөрсөн оны 12-р сард Ковид-19 халдвар анх дэгдэхэд Монгол Улсын Эрүүл мэндийн яам тандалт судалгааг хурдан шуурхай хийж, эрсдэлийг тогтоон яаралтай арга хэмжээг цаг алдалгүй авч чадсан. Үүнээс гадна Монгол Улсын онцгой комисс хязгаарлалтуудыг шуурхай хийсэн. Тухайлбал, сургалтын байгууллагын үйл ажиллагааг хязгаарлаж, сар шинийн баярыг өргөн дэлгэр тэмдэглэхгүй байх, шаардлагатай арга хэмжээ авч мөн нэг дүүргийн хэмжээнд сургалт явуулсан зэрэг чухал ажлуудыг хийсэн"

гэдгийн онцоллоо.

"Энэ цаг үед засгийн газрын түвшинд эрүүл мэндийн болоод бусад салбарын ажилчид эв нэгдэлтэй байж маш сайн ажиллаж байгаа. Дэлхий даяар дөрвөн сая гаруй хүн халдварлаж олон хүн амиа алдсан. Эмчилгээ болон вакцин гарах, эсвэл цар тахал намжих хүртэл хүн бүр амны хаалтаа зүүж, гараа тогтмол угааж, хоорондын зайгаа барих нь хамгаас чухал байна. Монгол Улсын Засгийн газар, ЭМЯ, МХЕГ зэрэг ажиллаж байгаа хүмүүсийн хөдөлмөрийг үгүйсгэх худал мэдээлэл явж байгаа тул үүнийг үгүйсгэхээр энд ирлээ. Бидний дархлааны тогтолцоо аливаа өвчнөөс хамгаалдаг ч хангалтгүй. Коронавирус туссан хүн дахин тусах магадлал өндөр. Тиймээс хамгаалалтын ажлыг дор бүрнээ сайн хийсээр байх хэрэгтэй. Урин дулаан цаг ирж байгаа үед хүмүүс аялал зугаалгаар явж эхлэдэг. Гэхдээ Ковид-19 цар тахал намжаагүй үед дээрх зүйлээс татгалзах хэрэгтэй. Хүн бүр коронавирусны эсрэг тэмцэж байгаа эмч мэргэжилтэн, хариу арга хэмжээ авч байгаа багийг дэмжин ажиллаж, зөвлөмжийг дагах хэрэгтэй. Одоогийн байдлаар вакцин болон эм байхгүй байгаа тул гарч байгаа зөвлөмжүүдийг дагах нэн чухал. Монгол Улсын Засгийн газар дотоодод халдварыг тархаахгүй байхад онцгой анхаарч байгаад талархан дэмжиж байна. Вакцин гарах хүртэл тархалт болон нас барагсдын тоо нэмэгдэх байх гэж үзэж байгаа. Эцэст нь хэлэхэд иргэн бүр зөвлөмжийг дагаж хамгаалах арга хэмжээг сайн авах хэрэгтэй"