Эрүүл мэнд

Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, цар тахалтай тэмцэх хүч хэрэгслийн бэлэн байдлыг дээшлүүлэх үүднээс маргаашнаас эхлэн дадлага сургууль зохион байгуулна. Энэ үеэр Яармагт баригдаж байгаа Эх хүүхдийн эмнэлгийг түшиглэн 100 ор дэлгэж, эрчимт эмчилгээ шаардлагатай өвчтөнүүдийг хүлээн авах байдлаар сургуулилт хийн, бэлэн байдлаа хангах юм. Өнөөдөр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл болон Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан нар нөхцөл байдалтай танилцлаа.

Дадлага сургуулийн үеэр Яармагт байрлах Спорт цогцолборт 300 орыг дэлгэнэ. Энд онош батлагдсан, хөнгөн өвчтөнүүдийг хүлээн авах юм. Харин Эх хүүхдийн эмнэлэгт 100 орыг дэлгэж, эрчимт эмчилгээ шаардлагатай хүнд өвчтөнүүдийг хүлээн авч, эмнэлгийн тусламж үзүүлэх байдлаар дадлага, сургуулилт хийнэ. Хүнд өвчтэй хүмүүсийг хүлээн авах учир шаардлагатай тоног төхөөрөмж, эмнэлгийн хэрэгслээр бүрэн хангаад байна. Үүнээс гадна онцгой нөхцөлд ажиллах байдлаар дадлага хийж байгаа учраас эмч, эмнэлгийн ажилчдыг халдвар авах эрсдлээс сэргийлж, хувийн хамгаалах хэрэгсэл, амны хаалт зэргийг бэлджээ.

Онцгой байдлын үеийн хариу арга хэмжээний тактикийг боловсронгуй болгох, халдварын үеийн иргэн, төрийн бус байгууллага болон хүмүүнлэгийн байгууллагын үүрэг хариуцлага оролцоог тодорхой болгох үүднээс энэхүү дадлага сургуулилтыг зохион байгуулж байна. Мөн эмч, эмнэлгийн ажилчид бэлэн байдлаа хэрхэн хангах, өөрийгөө эрсдлээс хамгаалж хамгаалалтын хувцас хэрэгсэл зөв өмсөж, тайлах чадварт суралцах зэрэг олон талын ач холбогдолтой.

Яармагт баригдаж байгаа Эх хүүхдийн эмнэлэг 6-р сард ашиглалтад орох юм. Гэхдээ үүсээд байгаа нөхцөл байдлаас шалтгаалан зарим хэсгийг хугацаанаас өмнө ашиглалтад оруулж, халдвар авсан болон сэжигтэй тохиолдлуудыг хүлээн авахаар болсон юм. Энэ дагуу эхний блокийг ашиглалтад оруулж, 100 орыг дэлгэж байна.

Хэрэв шаардлагатай бол энэхүү эмнэлэгт 1500 орыг дэлгэх боломжтой.