Эрүүл мэнд

Өнөөдөр Дэлхийн эмч нарын баярын өдөр. Цагаан нөмрөгтнүүд өнөөдөр баяр гэхээсээ илүү хүн төрөлхтөнг аймшигт халдвараас хамгаалах ажилд цаг наргүй зүтгэцгээж байна. Иргэдийн эрүүл мэндийг хамгаалах их ажил амжуулж буй эмч нарын нэг өдрийг ажлыг сурвалжиллаа. Халдварт тахалтай тэмцэж буй Халдвар өвчин судлалын үндэсний төвийн халдвар судлаач эмч С.Алтанчимэгийг онцоллоо. Тэрээр Коронавирусийн халдвартай хүмүүсийн ойрын хавьтлыг олж илрүүлэх чухал үүргийг гүйцэтгэж байгаа юм.

 

ХӨСҮТ-д халдварт өвчинд хариу арга хэмжээ авах, халдварын тархварыг судлах таван баг ажиллаж байгаа. Энэ багууд коронавирусын тохиолдол манай хөрш орнуудад бүртгэгдэж эхэлсэн цаг үе буюу 2020 оны 01 сарын 06-ны өдрөөс эхлэн өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж Монголчуудынхаа дунд коронавирусын тархалтыг халдаахгүйн төлөө ажиллаж эхэлжээ. Халдвар судлалын  баг ажиллаж эхлэх үед олон улсын нислэг, галт тэрэгний хөдөлгөөн хэвийн байсан. Үүн дээр ХӨСҮТ-ийн эмч нарийн баг ажиллаж баг, судалгаа хийж, сэжигтэй тохиолдлыг тусгаарлан ажиллаж байсан юм. Одоо ч тэд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Үүний нэг нь ХӨСҮТ-ийн халдвар судлах 2-р багийн ахлагч их эмч С.Алтанчимэг юм аа. Алтанчимэг эмчийн мэргэжил бол хүн ардын дунд халдварт өвчин тархахаас урьдчилан сэргийлж, тандалт судалгаа хийж, эрт илрүүлдэг чухал мэргэжлийн нэг юм. Тухайлбал, Алтанчимэг эмч  баг хамт олонтойгоо тусгай үүргийн нислэгээр коронавирусын голомттой бус нутгаас ирж байгаа иргэд дээр багаараа ажиллаж, тэднийг тусгаарлах ажлыг зохион байгуулж байна.

Мэргэжлээрээ 23 дахь жилдээ ажиллаж байгаа Алтанчимэг эмчийн мэргэжлийг Нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн гэдэг. Яагаад гэхлээр улс орны хамарсан халдварт өвчин гарах үед тэд аюулт өвчний тархалтыг судалж, өвчтөнтэй харьцаж, аюулыг нэмэгдэхээс нь өмнө таслан зогсоодог юм. Хамгийн тод жишээ бол Алтанчимэг эмч баг хамт олонтойгоо  3 сарын 10-нд коронавирусын анхны тохиолдол болж бүртгэгдсэн Франц улсын иргэний зорчсон газар, хавьтсан 220 гаруй хүнийг олж тогтоожээ. Ингэхдээ тэд асар богино хугацаанд буюу 24 цагийн дотор бусад мэргэжлийн байгууллагатай хамтран эхний хавьтагчдыг олж тогтоож, энэ аюулт өвчнийг олон нийтийн дунд цаашид тархахаас нь урьдчилан сэргийлж чаджээ.

Мөн тусгай үүргийн хоёр, бусад 9 нислэгт судалгаа, тандалт  хийж сэжигтэй тохиолдлуудыг ХӨСҮТ болон бусад газруудад тусгаарласан байна. Тэрээр хэлэхдээ,

Бидний мэргэжил арын албаны мэргэжил ч гэлээ халдварт өвчин тархсан энэ үед хамгийн их ур чадвар шаардсан хэрэгтэй мэргэжил

гэдгийг хэлж байлаа.