Эрүүл мэнд

Эмч нарын баярын өдөр найман эмч зөвлөх зэргийн гэрчилгээ гардлаа. Өргөсөн тангарагтаа үнэнчээр ажиллаж, амжилттай мэргэжил дээшлүүлж чадсан эрхмүүдэд энэ гэрчилгээг гардуулдаг дүрэмтэй юм. Манай улсад өнөөдрийн байдлаар 260 гаруй зөвлөх зэргийн эмч ажиллаж байна.

Нийслэлийн Өргөө амаржих газарт 21 дэх жилдээ тасралтгүй ажилласан Уранчимэг эх барих, эмэгтэйчүүдийн чиглэлээр зөвлөх зэрэг хамгаалж, мэргэшлийн зэргийн гэрчилгээгээ өнөөдөр гардан авлаа. Тэрээр Умайн лейомиомийн артерийг бөглөх эмчилгээний үр дүнг судалсан нь сэдвээр докторын зэрэг хамгаалсан юм. Мөн эрүүл мэндийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан АУ-ны доктор, профессор Д.Даваасүрэн, АУ-ны доктор, клиникийн профессор Д.Агиймаа, АУ-ны доктор Д.Энхболд, АУ-ны доктор Ц.Үржиндэлгэр, АУ-ны доктор Т.Ганцэцэг нар олон улсын эмч нарын баярын өдрөөр гэрчилгээгээ гардан авлаа.

Эмнэлгийн мэргэжилтний мэдлэг ур чадварыг хөгжүүлэх, тэднийг дэмжих үүднээс 1969 оноос эмнэлгийн мэргэжилтэнд мэргэшлийн зэргийн 1, 2-р зэрэг, 1996 оноос ахлах, тэргүүлэх, зөвлөх зэрэг олгож эхэлсэн. Харин өнгөрсөн онд эрүүл мэндийн салбарт найман зөвлөх төрөн гарсан юм. Эдгээр зөвлөх эмч нараа Эрүүл мэндийн сайд өнөөдөр ийнхүү хүлээн авч, бусдыгаа манлайлан  ажиллахыг хүслээ.

Эрүүл мэндийн байгууллагын нийт ажилчдын 2 орчим хувь нь өнөөдрийн байдлаар мэргэшлийн зэрэгтэй байна. Тухайлбал хүний эмч 1561, сувилагч 2022, эх баригч 172, эм зүйч 135, эмнэлгийн удирдах 67 ажилтан мэргэшлийн зэрэг хамгаалах ур чадвараа ахиулжээ.