АНУ-ын Техас мужийн сүмд барьцаалагдсан хүмүүсийг суллажээ

Үйл явдал

АНУ-ын Техас мужийн Колливилл хотын еврейн сүмд үл мэдэгдэх нэгэн этгээд гэм зэмгүй хүмүүсийг барьцаалсан хэрэг явдал энэ амралтын өдөр гарчээ. Холбооны мөрдөх товчооны ажилтнууд барьцаалагч этгээдийг буудан хороож, улмаар барьцаанд байсан хүмүүсийг сулласан байна. 

Еврейн сүмд гэм зэмгүй хүмүүсийг барьцаалсан этгээд алан хядлага, терроризмын хэргээр ял эдлэн хоригдож байгаа “Леди Аль Каида” хочит Пакистаны иргэн эмэгтэйг шоронгоос суллахыг шаардаж байжээ. Ням гарагт сүмийн барилга руу халдан, гэм зэмгүй хүмүүсийг барьцаалсан этгээдийг тусгай ажиллагааны үеэр устган, хэн болохыг нь тогтоосон байна. Америкт терроризмын хэргээр бүх насаараа хоригдох ял аван хоригдож байгаа Пакистаны иргэн Аафия Сиддикийг суллахыг шаардаж байсан этгээд нь Их Британийн харьяат иргэн Малик Файзал Акрам гэгч байжээ. Сүмд барьцаалагдсан хүмүүсийг суллах, мөн барьцаалагч этгээдтэй яриа хэлэлцээ хийх үйл явц бүтэн 10 цаг үргэлжилсэн байна.