Эрүүл мэнд

Бүгд Найрамдах Солонгос Улсаас ирсэн хоёр иргэн, Франц улсад зорчсон нэг хүнээс коронавирусийн халдвар илрээд байна. Эрсдэлтэй бүс нутгаас ирж байгаа  учраас урьдчилан сэргийлэх бэлтгэлийг сайтар хангасан байсныг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. Халдвартай иргэд болон ойрын хавьтал байж болох бүхий л хүмүүсийг тусгаарлан шинжилгээнд хамруулж эхэлснийг онцолж байна. 

БНСУ-Улаанбаатарын нислэгээр ирсэн хоёр, Берлин-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн нэг зорчигчоос Ковид-19 коронавируст халдвар илэрсэн. БНСУ-аас ирсэн батлагдсан хоёр тохиолдлын хувьд эрүүл мэндийн байгууллагад үзүүлэн, эмчилгээ авсан иргэд байжээ. Насны хувьд 37, 50, 60 орчим насны иргэд байгаа гэсэн юм. Эдгээр иргэдийг болон ойрын хавьтлын 111 тохиолдлыг тусгаарлаж, шинжилгээнд хамруулсан. Өнөөдөр 11 цагийн байдлаар 61 иргэний шинжилгээний хариу гарч, коронавируст халдвар илрээгүй болохыг ХӨСҮТ-өөс мэдээллээ.

Зорчигчдыг амны хаалт зүүж, хоорондоо ярихгүй байхыг сануулж, эрүүл мэндийн ажилтнууд халууныг тогтмол үзэж ажилласан байна. Мөн ойрын хавьтлын тохиолдлыг шууд тусгаарлах арга хэмжээг авсан учир тархвар судлалын хувьд эрсдэл бага гэсэн юм.

ЭМЯ-наас ковид-19 коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр хийгдэж байгаа арга хэмжээ, нөхцөл байдлын мэдээллийг өдөр бүр тогтсон цагт өгч байгаа. Тиймээс албан ёсны эх сурвалжаас мэдээлэл авахыг хүслээ.

 ФЭЙСБҮҮК ШУУД ҮЗЭХ