Казахстаны нэр бүхий албан тушаалтнуудыг төрд тэрсэлсэн хэргээр баривчилжээ

Үйл явдал

Казахстанд энэ улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн асан Карим Масимов болон өөр хэд хэдэн албан тушаалтнуудыг төрд тэрсэлсэн, улс орноосоо урвасан хэргээр баривчилсан байна. Карим Масимовыг Казахстанд олныг хамарсан жагсаал цуглаан дэгдсэнээс хойш 3 хоногийн дараа албан тушаалаас нь буулгасан юм. 

Масимов болон нэр бүхий албан тушаалтнуудыг улс орноосоо урвасан хэргээр баривчлан саатуулсан талаар Казахстаны эх сурвалжууд мэдээлжээ. Масимовыг Казахстанд дэгдсэн олныг хамарсан жагсаал цуглаан, эмх замбараагүй байдал дэгдсэнээс 3 хоногийн дараа баривчилсан байна. Үүний дараа ерөнхийлөгч Касым Жомарт Токаев Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүнээр Ермек Сагимбаевыг томилжээ.

55 настай Сагимбаев шинэ албанд томилогдохоосоо өмнө улсынхаа Төрийн хамгаалалтын албыг тэргүүлэн ажиллаж байсан юм.

Улс орноосоо урваж, төрд тэрсэлсэн хэргээр баривчлагдсан 56 настай Карим Масимов нь ерөнхийлөгч Нурсултан Назарбаевын үед 2007-2012, мөн 2014-2016 онуудад хоёр удаа ерөнхий сайдаар ажиллаж байжээ. Масимов 2016 оноос Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлэн ажиллаж байсан юм.

Тэрээр Үндэсний аюулгүй байдлын дэслэгч-генерал цолтой. Казахстанд шинэ оны дараа 1-р сарын 2-ны өдрөөс эхэлсэн олныг хамарсан эмх замбараагүй байдлаас хойш өнөөдрийг хүртэл улсынхаа сүүдрийн тэргүүн хэвээр байсан Нурсултан Назарбаев улс орондоо өрнөсөн үйл явдлын талаар нэг ч мэдэгдэл хийгээгүй байна. Түүний хаана байгаа нь мөн тодорхойгүй байгаа юм.