Эрүүл мэнд

Дэлхийн гуравны хоёрт гараад байгаа коронавирус өвчин улс орон бүрт дамжин халдварласаар байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага энэ өвчнийг цар тахал хэмээн зарласнаар өвчний аюул улам харанга дэлдэж эхэлснийг дэлхий дахинд санууллаа. Ковид-19 сүүлийн 100 жилд манай гариг дээр гарч байгаа дөрөв дэх цар тахал болж байна. Тийм учраас улс орнууд бүх анхаарлаа өвчний эсрэг хандуулж, шийдэмгий бөгөөд яаралтай арга хэмжээ авахыг уриаллаа. Өвчний ид дэгдэлтийн үе шат ирэх долоо хоногоос эхлэх магадлалтайг сануулсан байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хийсэн ээлжит хэвлэлийн бага хурлаар энэ өвчнийг цар тахлын хэмжээнд зарлалаа.

Энэ нь дэлхийн олон улс оронд хурдацтай тархаж, өргөн хүрээг хамарч байгаа гэсэн үг юм. Сүүлийн 100 жилд манай гариг дээр дөрвөн удаагийн цар тахал дэлгэрсний нэг нь Ковид-19 болж байна. Хамгийн сүүлд 2009 онд Н1N1 буюу гахайн томуугийн вирус дэлхий даяар дэлгэрч байсан юм. Харин 1918 онд гарсан Испаний цар тахал нэг жилийн хугацаанд хамгийн олон буюу 50-100 орчим сая хүний амийг авч одсон түүхтэй. Харин Ковид-19 өвчний хувьд эдгээрээс ялгаатай нь тогтоон барих боломжтой. Хяналтад авахад дэлхийн нийтийн энх тайван, эв нэгдэл чухал үүрэгтэйг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мэдээллээ. Мөн иргэдийн хувьд хэтэрхий айж сандрах хэрэггүй, мөн хувийн ариун цэврээ сайтар сахихыг дахин сануулсан байна. Өвчнийг цар тахлын хэмжээнд зарласан тул улс орнууд халдварын эсрэг яаралтай бөгөөд шийдэмгий арга хэмжээ авахыг уриаллаа.  

СҮҮЛИЙН 24 ЦАГИЙН БАЙДЛААР ДЭЛХИЙН 117 УЛСАД КОРОНАВИРУС БҮРТГЭГДЛЭЭ  

Өнөөдрийн 9 цаг 40 минутын байдлаар дэлхийн 117 улс оронд халдвар бүртгэгдлээ. Мөн 125 мянга 838 хүн халдвартай болох нь тогтоогдож сүүлийн 24 цагийн дотор 325 хүн нас барлаа. Ингэснээр энэ өвчний улмаас амиа алдсан хүний тоо 4,620 болж байна. Харин бүрэн эдгэрсэн хүний тоо 1,900-аар нэмэгдэж 68 мянга боллоо. Халдвар гарсан орны тоо 3 дахин нэмэгдэж Иран, Итали, Швейцарь, Норвеги зэрэг улс оронд өвчний тархалт асар хурдацтай явагдаж эхэллээ. Одоогооор дэлхийн 81 улс энэ халдварыг оруулалгүй хамгаалсан хэвээр байна. Италиас эхлээд зарим улс орон эдийн засаг, иргэдийн тав тухыг нэгдүгээрт тавьж халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг хойрго авсан. Үүнээс үүдэн голомтлон тархах аюулын хэмжээнд хүргэсэнд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага харамсаж байгаагаа илэрхийллээ. Өвчин 4 төрлөөр үүсгэгдэж байгаа. Сүүлийн шат буюу голомтлон, хүн амын дунд хурдацтай тархах гэсэн эд дэгдэлтийн үе ирэх долоо хоногт дэлхий даяар эрчимжих магадлалтайг санууллаа.

БНСУ-Д КОРОНАВИРУСЫН УЛМААС НАС БАРСАН ХҮНИЙ ТОО 67 БОЛЛОО 

Бүгд Найрамдах Солонгос Улсын Халдварт өвчин судлалын төвийн мэдээллээр өнөөдрийн 10 цагийн байдлаар коронавирусийн халдвар 114-өөр нэмэгдэж 7,869-д хүрлээ. Нийтдээ 234 мянга гаруй иргэнийг шинжилгээнд хамруулснаас 209 мянга гаруй иргэн халдваргүй болох нь тогтоогдсон байна. Харин 17 мянга гаруй иргэний хариу хүлээгдэж байгаа бол нийт 333 иргэн бүрэн эдгэрлээ. Нас баралт 67 болсныг мэдээлсэн байна. Сүүлийн 24 цагийн дотор 63 иргэнийг нэмж тусгаарласнаар 7,470 иргэнийг хянаж эхэллээ. БНСУ-д Коронавирусийн халдвар шинээр

-       Сөүл 19

-       Бусан 1

-       Дэгү 73

-       Сэжөн 5

-       Кёнги мужид 3

-       Өмнөд Чүнчон мужид 2

-       Умард Гёнсан мужид 8

-       Өмнөд Гёнсан мужид 1 тохиолдол илрээд байна.

ХОНКОНГ, МАКАО, ТАЙВАНЬД ЦАР ТАХАЛ ХУРДАЦТАЙ ТАРХАЖ БАЙНА  

Өнөөдрийн 8 цаг 30 минутын байдлаар Хятадын 31 мужид халдвар бүртгэгдсэн байна. Өвчилсөн хүний тоо сүүлийн 24 цагийн дотор 24-өөр нэмэгдэж  80,980-д хүрлээ. Биеийн байдал хүнд 4,257 иргэн байгаа бол нас барсан хүний тоо 11-ээр нэмэгдэж 3,173 боллоо. Харин бүрэн эдгэрсэн иргэдийн тоо нэмэгдэж 62 мянгад хүрсэн байна. Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Хонконгд 129 тохиолдол бүртгэгдсэн бол Макао 10, Тайвань 48 нийт 187 тохиолдол бүртгэгдлээ. Өвчин голомтлон гарч байгаа Итали Улсад 10,149 тохиолдол бүртгэгдэж нас баралт 631 боллоо. Иран улсын хувьд өвчний тохиолдол 8,042 болж 354 хүн нас бараад байна.