Нэг метр куб ачаа 800 юань байсан бол одоо 3,000 болжээ 

Нийгэм

Бараа бүтээгдэхүүний үнэ хөөрөгдөж, жижиглэнгийн үнэ хэд дахин нэмэгдээд байгаа. Энэ асуудлыг ачаа тээврийн жолооч нартай холбон тайлбарлаж, тэднийг дур мэдэн тээврийн хөлсөө нэмсэн нь ийм байдалд хүргэсэн гэж үзэж байгаа. Тэгвэл өнөөдөр тээвэрчид болон худалдаа эрхлэгчид Зам, тээврийн хөгжлийн яаманд хилийн үйл ажиллагааг сэргээж, бараа эргэлтийг нэмэгдүүлэх шаардлагыг тавилаа. Хилийн үйл ажиллагааг сайжруулахаар засгийн газраас 3 тэрбум төгрөгийг төсөвлөж ажлаа эхлүүлсэн гэж байгаа ч өнөөдрийг хүртэл тэнд хийгдсэн ажил огт байхгүйг жолооч нар хэлж байна.

Засгийн газраас хилийн нэвтрэх чадварыг нэмэгдүүлэх, бараа эргэлтийг сайжруулахад зарцуулж байгаа гурван тэрбум төгрөгийн зарцуулалтын бодит байдал ямар байгаа талаар тээвэрчид мэдээлэл хийлээ.  Тээвэрчдийн төлөөлөл "Хилээр орох гарахдаа PCR шинжилгээ олон удаа өгдөг. Мөн нэг ч жолоочоос КОВИД-19 илрээгүй гэдгийг хэлж байна. Мөн нэг метр куб ачаа 800 орчим юань байсан бол одоо 3,000 хүрсэн байна. Ачаа барааны тээвэрлэлтийн үнийг жолооч нар, худалдаачид биш Засгийн газар өсгөж байна гэж тэд шүүмжиллээ. 

БНХАУ-ын талаас хилийн дундын бүсэд чингэлэг шилжүүлэх замаар улс хоорондын тээврийг явуулах шаардлагыг тавьсан. Хилийн бүсэд чингэлэг солилцох талбайг бэлтгэн, тээвэр зохион байгуулалтын үйл ажиллагааг Хятадын талд олон улсын тээвэр зуучийн үйл ажиллагаа эрхэлдэг “Сино транс” компани хариуцан ажиллах шийдвэр гарсан бол манай талаас “Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбоо”-ны гишүүн байгууллагуудын нийлж байгуулсан “Үндэсний тээврийн корпораци”-г энэхүү ажилд хамтран оролцуулахаар тохиролцжээ. 

Тээвэр зуучлагчдын нэгдсэн холбоо 100 жолоочийг дотоодын цэргээс бүрдүүлээд тэг цэгээс тээвэрт явуулна гэжээ. Дараалалд зогсож байгаа 6000 жолоочийг тээвэрт явуулалгүй тусгай бэлтгэгдсэн жолооч нарыг явуулахаар зорьж байгаа нь тээвэрт явж амьдралаа залгуулдаг олон мянган хүний эрх ашгийг зөрчиж байна гэж жолооч нар хэллээ.