Эрүүл мэнд

Дэлхийн нийтийг түгшээж байгаа шинэ коронавирусын халдвар улс оронд тархан халдварласаар байна. Дэлхий дахиныг хамарсан томоохон арга хэмжээнүүд цуцлагдаж их гүрнүүд шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлсээр байгаа юм. 

Өнөөдрийн байдлаар коронавирус өвчний халдвар дэлхийн тал шахам хувь буюу 92 улсад бүртгэгдлээ. Хойд хөрш ОХУ хатуухан дүрэм журам мөрдүүлж эхэлсэн бол Казахстан улс өвчний голомттой бүс нутгаас нэг ч иргэн нэвтрүүлэхгүй байх арга хэмжээг авч эхэлсэн байна. Ингээд коронавирус өвчний халдварын дэлхийн хэмжээний нөхцөл байдлын мэдээллийг багцлан хүргэе. 

КОРОНАВИРУС ӨВЧИН ДЭЛХИЙН 92 УЛСАД БҮРТГЭГДЛЭЭ

Яг одоогийн байдлаар дэлхийн 92 улсад шинэ Коронавирусийн халдвар бүртгэгдлээ. Нийт 101,830 тохиолдол бүртгэгдэж, бүрэн эдгэсэн 57,406, нас баралт 3,489 байна. Шинээр

-       Камерун

-       Колумби

-       Бутан

-       Серб

-       Словак

-       Перу

-       Коста Рика

-       Того   

-       Ватикан

-       Лихтенштейнд илэрсэн байна.  

ОХУ ГОЛОМТТОЙ БҮС НУТГААС ИРСЭН ИРГЭДИЙГ ГЭРТ НЬ ТУСГААРЛАНА

ОХУ Хар тэнгисийн боомтуудад ирэх БНСУ, Итали, Ираны усан онгоцнуудыг дээд зэргээр ариутгасан байх шаардлагыг “Роспотребнадзор”-оос тавьж эхэлсэн байна. Мөн жил бүр зохион байгуулдаг Петербургийн олон улсын эдийн засгийн чуулганыг ОХУ-ын Засгийн газар цуцаллаа. Москва хот  дээд зэргийн түгшүүрийн байдлыг зарлаж БНХАУ, БНСУ, Иран, Франц, Герман, Итали улсаас ирсэн иргэдээ гэрт нь тусгаарлах журам хэрэгжүүлж эхэллээ.    

КАЗАХСТАН УЛС БНХАУ, ИРАН, БНСУ-ЫН ИРГЭДИЙГ НЭВТРҮҮЛЭХГҮЙ

Коронавирус өвчнөөс хамгаалж  чадаж байгаа улс орнуудын нэг бол Казахстан. Тэгвэл өчигдөр энэ улс дахин урьдчилан сэргийлэх шийдвэр гаргасан байна. Маргаашнаас  буюу 3-р сарын 8-ны өдрөөс эхлэн БНХАУ, Иран, БНСУ-ын иргэдийг нэвтрүүлэхгүй гэдгээ зарлалаа. Сөүл-Алматы, Сөүл-Нурсултан чиглэлийн нислэгээр зөвхөн Казахстаны иргэдийг зорчуулна хэмээн мэдэгдсэн байна. 

БНСУ-ЫН ХОТУУДАД ӨВЧНИЙ ХАЛДВАР ТАРХСААР БАЙНА

Өвчний голомттой бүс нутагт тооцогдож байгаа БНСУ-ын халдварт өвчин судлалын төвөөс 10 цагт ээлжит мэдээлэл өглөө. Хамгийн сүүлд буюу  өнөөдрийн 00 цагийн байдлаар өвчний тохиолдол 483-аар нэмэгдэж нийт 6767 хүрсэн байна. Шинээр

-       Сөүл-3

-       Бусан-1

-       Дэгү-390

-       Сэжөн-1

-       Кёнги-10

-       Канвон-1

-       Умард Чүнчон-2

-       Өмнөд Чүнчон-2

-       Умард Гёнсан-65

-       Өмнөд Гёнсан-5 илэрсэн байна.

Энэ улс өнөөдрийн байдлаар 178 мянга 189 иргэнийг шинжилгээнд хамруулж, үүнээс 151 мянга 802 иргэний хариу сөрөг буюу халдваргүй гарчээ. Харин 19 мянга 620 иргэний хариу хүлээгдэж байгаа бол 118 иргэн бүрэн эдгэрч эмнэлгээс гарчээ. Харин нас баралт хоёроор нэмэгдэж 44 боллоо. Одоогийн байдлаар БНСУ 6605 иргэнийг тусгаарлаад байна.

БНХАУ-Д КОРОНАВИРУСЫН УЛМААС НАС БАРСАН ХҮНИЙ ТОО 3073 БОЛЛОО

 Коронавирус өвчний анхны голомт БНХАУ-ын хувьд 3-р сарын 7-ны өдрийн 8 цаг 30 минутын байдлаар 31 мужид бүртгэгдээд байна. Халдварт хатгалгаагаар өвчилсөн тохиолдол 80 мянга 813-т хүрчээ. Биеийн байдал хүнд байгаа 5489 иргэн байгаа бол нас баралт 28-аар нэмэгдэж 3073 хүрсэн байна. Харин бүрэн эдгэсэн 55 мянга 477, сэжигтэй тохиолдол 502 байгаа юм. БНХАУ-ын Хонгконгд өвчний тохиолдол хоёроор нэмэгдэж 107, Макаод 10, Тайваньд 45 тохиолдол бүртгэгдлээ.