Эрүүл мэнд

Өнөөдрийн байдлаар COVID-19 буюу коронавирусын халдварын тохиолдол дэлхийн 55 улс оронд бүртгэгдээд байна. Швейцарь, Нигер, Шинэ Зеланд зэрэг улс оронд анхны тохиолдол бүртгэгджээ. Харин 2-р сарын 28-ны байдлаар БНХАУ 327 тохиолдол шинээр бүртгэгдсэн нь энэ сарын хамгийн бага үзүүлэлт болжээ.

 Манай улсын хувьд коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс шаардлагатай бүхий л арга хэмжээнүүдийг авч, эрүүл мэндийн байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажилласаар байна. Мөн тусгаарлах байрыг нэмж, ХӨСҮТ-өөс гадна дөрвөн аймагт сэжигтэй тохиолдол илэрсэн үед оношлох боломжтой боллоо. COVID-19 Коронавирусын халдварт өртөх эрсдэлтэй бүлэг болон өндөр настнуудад зориулсан зөвлөмжийг шинээр гаргажээ.  

Эрсдэлтэй улс оронд зорчсон иргэдээс асуумж авч, сэжигтэй тохиолдол илэрвэл тусгаарлах арга хэмжээг авч байгаа. Гэвч тусгаарлах байранд байгаа иргэд мэргэжлийн байгууллагын ажилтантай зүй бус харьцах, тавьсан шаардлагыг биелүүлэхгүй байх зэрэг үйлдлүүдийг гаргаж байна. Тухайлбал, Жаргалантын аманд байрлах сувилалд тусгаарлагдсан зарим иргэд халуунаа үзүүлхээс татгалзжээ.

Иргэдийг коронавирусын халдвар бүртгэгдсэн, эрсдэлтэй улс оронд зорчихгүй байхыг анхааруулж байгаа. Гэсэн ч иргэд эдгээр зөвлөмжийг дагалгүй эрсдэлтэй улс оронд зорчсоор байна. Иймд эрүүл мэндийн байгууллагаас өгч байгаа зөвлөмжийг дагаж, амны хаалт тогтмол зүүж, гараа угаах эрсдэлтэй улс оронд зорчихгүй байхыг анхаарууллаа.

ФЭЙСБҮҮК ШУУД ҮЗЭХ