Архив...

Эрүүл мэнд

Дэлхий нийтийг түгшээж байгаа коронавирус өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор манай улс олон талын арга хэмжээ авч байна. Гэхдээ өвчнөөс урьдчилан сэргийлэхэд дан ганц засгийн газар, Эрүүл мэндийн яам, эмч нарын ажил биш. Энд иргэн бүрийн үүрэг оролцоо, хариуцлагатай байдал хамгийн чухлаар тавигдаж байгаа юм. Иргэд ч маскаа сайн зүүж, ариун цэврээ сахиж, дүрэм журмаа сайтар дагаж мөрдөхийг нэг нэгэндээ сануулж байна. 

Шинэ коронавирус буюу Cоvid-19-ийн халдвараар өвчилсөн хүний өвчлөлийн хамгийн анхны тохиолдлыг 2019 оны 12-р сарын 31-нд ДЭМБ-д мэдээлсэн байдаг. Гэвч өвчлөл 12-р сарын эхний долоо хоногоос эхэлж БНХАУ-ын Ухань хотоор тархсан гэдгийг албаныхан хэлж байна. Тэгвэл БНХАУ-тай хамгийн ойр буюу 5000 км зайд хиллэдэг манай улсад  2 сар гаруйн хугацаанд вирус илрээгүй байгаад төр засаг сайн ажиллаж байна хэмээн иргэд хэллээ. 

Өнгөрсөн нэгдүгээр сараас эхлэн Засгийн газар, Улсын онцгой комисс, холбогдох байгууллагууд шуурхай хуралдан сургууль цэцэрлэг, үзвэр үйлчилгээ зэрэг иргэд олноор цуглах газруудыг хаах, хөл хорио тогтоохоос эхлээд шийдвэрүүд гарч эхлэсэн. Улмаар эдийн засгийн эрсдэлийг үл тоон иргэдийн аюулгүй байдлыг эрхэмлэн урд хөрштэй хиллэх хилийг хааж, БНСУ болон Япон улсын нислэгүүдийг зогсоогоод байгаа. Тэгвэл иргэдийн зүгээс төр засгийн гаргаж байгаа шийдвэрийг дор бүрнээ биелүүлж өөрсдөө ухамсартай хариуцлагатай байх хэрэгтэйг уриаллаа.

Иргэдийн тухайд амны хаалтаа тогтмол зүүж, гараа сайтар угаан халдваргүйжүүлэх, шаардлагагүй тохиолдолд гадуур явах, иргэд олноор цугласан газраар зорчихгүй байхыг онцгой анхаарах хэрэгтэй юм.