Эрүүл мэнд

Дэлхий нийтэд COVID-19 вирусын халдварын тохиолдол 80 мянга даваад байна. Нас баралт 2,759 бүртгэгдлээ. Дэлхийн 36 улсад бүртгэгдээд байгаа халдвар хүрээгээ тэлсээр байна. БНХАУ-д тохиолдлын тоо буурч байгаа хэдий ч нас баралт нэмэгдэж байгааг ДЭМБ-аас мэдээлж байна. Манай улсын хувьд халдвар бүртгэгдээгүй ч эрсдэл өндөр орны тоонд байсаар байна. Тиймээс хувийн ариун цэвэр сахих, амны хаалтаа тогтмол зүүж, гараа угааж ариутгаж байхыг сануулж байна. Манай улсад хянагдаж байгаа сэжигтэй зургаан тохиолдлын шинжилгээний хариу сөрөг гараад байна.

Энэ сарын 24-ний өдөр ХӨСҮТ-д тусгаарлагдсан тав, Орхон аймагт тусгаарлагдсан нэг тохиолдлын шинжилгээний хариу сөрөг буюу халдваргүй гэж гарсан байна. 25-ны өдөр Багануур дүүрэгт хоёр, Төв аймгийн Цээл суманд  1 Орхон, Баян-Өлгий аймагт тус бүр нэг сэжигтэй тохиолдлыг тусгаарлан хянаж байна. Шинжилгээний хариу хараахан гараагүй байгааг ХӨСҮТ-өөс мэдээллээ. Халдвар гарсан улсад аялаад ирсэн иргэдийг мөн тусгаарлан хянаж байна.

БНСУ-д Монгол улсын нэг иргэн халдвар авч нас барсан тохиолдол өчигдөр бүртгэгдсэн. Талийгаачтай ойр байсан иргэдийг тусгаарлаж шинжилгээ авахад халдвар илрээгүй байна.

Дэлхийн 36 улсыг хамран тархаад байгаа Covid-19 вирусын халдвар 80 гаруй мянган хүнийг хамраад байна. БНХАУ-ын хувьд шинээр нэмэгдэх халдварын тоо буурч байгаа ч нас баралт нэмгэдэж байгааг ДЭМБ-аас мэдээллээ. Халдвар голомтлон тархаад байгаа БНСУ-д 1,100 гаруй тохиолдол бүртгэгдэж нас баралт 11 болсон байна. Мөн АНУ, Иран, Итали, Япон зэрэг улсад халдварын тоо нэмэгдээд байна. Алжир, Хорват, Австри улсад халдварын тохиолдол шинээр бүртгэгджээ.  

Манай улсын хувьд халдвар бүртгэгдээгүй ч эрсдэл өндөр орны тоонд багтаж байгаа. Тиймээс эзэн биегүй, эх сурвалжгүй тархаж байгаа халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд хувийн ариун цэвэр сахих, амны хаалтаа тогтмол зүүх, бөөгнөрөл үүсгэж нэгнийдээ зочлохгүй байх, золголт хийхгүй байх, гарын ариун цэвэр сахиж, тогтмол ариутгах зэрэг арга хэмжээ авахыг мэргэжлийн байгууллагаас сануулж байна. 

ФЭЙСБҮҮК ШУУД ҮЗЭХ