Эфиопийн Тыграй омгийн босогчид булаан эзэлсэн нутаг дэвсгэрээ орхин ухарч байна

Үйл явдал

Эфиопийн Тыграй омгийн босогчид булаан эзэлсэн нутаг дэвсгэрээ орхин ухарч байна. Тыграйн босогчид сүүлийн саруудад байрлалаа ахиулан Амхар, Афар зэрэг мужуудыг хяналтандаа оруулаад байсан ч дотоодын нөхцөл байдал хүнд байгаагаас олон улсын хүмүүнлэгийн тусламжийн коридор нээх зорилгоор байрлалаасаа ухарч байгаа юм. 

Эфиопийн засгийн газрын хүчин болоод Тыграйн босогчдын хоорондын хямралыг эв зүйгээр шийдвэрлэх хүчин чармайлт өнөөдрийг хүртэл тодорхой үр дүнд хүрээгүй байсан юм. Тэгвэл Тыграйн босогчид ийнхүү байрлалаасаа ухарч, хүмүүнлэгийн гарц нээхээр зөвшөөрснийг томоохон алхам гэж үзэж байна.

Өнөөдрийг хүртэл Тыграйн Үндэсний чөлөөлөх фронтын дайчид Амхар болон Афар мужуудыг орхихоос татгалзаж, засгийн газрын хүчинтэй яриа хэлэлцээр явуулахад биелэгдэх боломжгүй шаардлага тавьсаар байжээ.

НҮБ-ын мэдээллээр Эфиопид үргэлжилж байгаа дотоодын хямрал хүчирхийллийн улмаас хэдэн мянган хүн амиа алдаж, 2 сая гаруй иргэн орон гэр, нутаг орноо орхин дүрвээд байгаа юм. Түүнчлэн дотоодод үргэлжилж байгаа хямралын улмаас энэ улсын хэдэн зуун иргэн өлмөн зэлмүүн байдалд өдөр хоногийг өнгөрүүлж байна.