Европт хөл хорионы дүрэм журмыг эсэргүүцсэн иргэд жагсаал цуглаан зохион байгуулжээ

Үйл явдал

Европын улс орнуудад өнгөрсөн амралтын өдөр цар тахлын халдвартай холбоотой локдаун, хөл хорионы дүрэм журмыг эсэргүүцсэн иргэд жагсаал цуглаан зохион байгуулжээ.

Нидерландын Гаага хотод иргэдийн жагсаал болж, цар тахлын үеийн хатуу дүрэм журмыг эсэргүүцсэн байна. 

Нидерландад олныг хамарсан үймээн самуун дэгдэж, цар тахлын улмаас төр засгаасаа авч байгаа арга хэмжээг эсэргүүцжээ. Нидерландын хотуудад хэдэн мянган хүн гудамж талбайдаа гарч жагсан, хууль хүчнийхэн иргэдийн жагсаалыг тараахын тулд хүч хэрэглэхэд хүрчээ.

Жагсаалын үеэр өнгөрсөн амралтын өдөр 19 хүн саатуулагдан, цагдаагийн 5 ажилтан жагсагчидтай хийсэн мөргөлдөөний үеэр гэмтжээ.Ковид-хязгаарлалтын эсрэг Роттердамын иргэд жагсчээ.

Иргэд COVID-19-ын эсрэг вакцинжуулалтын сертификатын журам, мөн олон нийтийн газарт зайлшгүй вакцины үнэмлэхтэйгээр үйлчлүүлэх журмыг эсэргүүцэж байгаа юм.Гаага хотод болсон жагсаалын үеэр 7 хүн саатулагдсан байна. Нидерландын эрх баригчид улс оронд нь цар тахлын халдвар нэмэгдэж байгаагаас хэсэгчилсэн локдаун зарласныг иргэд нь ийнхүү эсэргүүцжээ. 

Бельгийн иргэд мөн өнгөрсөн амралтын өдрүүдэд гудамж талбайдаа гарч цар тахалтай холбоотой хатуу журам, хязгаарлалтын арга хэмжээг эсэргүүцжээ. Тэгвэл цар тахлын дүрэм журмыг эсэргүүцэн жагсагчдын эсрэг Бельгийн хууль хүчнийхэн даралттай ус, нулимс асгаруулагч хий ашиглан тараахыг завджээ. 

Бельгийн нийслэл Брюссель хотын гудамжнаа энэ ням гарагт ойролцоогоор 35 мянган хүн гарч, ковидын үеийн журам журмыг эсэргүүцэн жагсчээ. Иргэдийн жагсаал эхлээд тайван эхэлсэн ч сүүлд цагдаа хүчнийхэнтэй мөргөлдсөнөөр өндөрлөсөн байна. Жагсагчдыг хүчээр тараах үед хууль сахиулагчид 60-аад хүнийг саатуулжээ.