Эрүүл мэнд

Эрүүл мэндийн яам шинэ төрлийн коронавирусын талаар өдөр бүр мэдээлэл хийж байгаа. Тэгвэл өнөөдөр эмч мэргэжилтнүүд шинэ төрлийн халдвар болон улирлын томуугийн халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг өглөө. Хүн бүр ариун цэврийн сахилга бат сахиж олон нийтийн газраар явахгүй байх, нийтийн хоол идэхийг түр хориглож, гар барьж мэндлэхгүй байх зэргээр урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа.

Хэдийгээр Монгол улсад шинэ коронавирус орж ирээгүй ч Эрүүл мэндийн байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг тогтмол хэрэгжүүлж, улирлын чанартай томуу, томуу төсч өвчнөөс сэргийлэхийг анхааруулж байна. Улаанбаатар хотын амбулаторийн нийт үзлэгт амьсгалын замын өвчлөл 14.2 хувийг эзэлж байгаа нь их тоо гэдгийг албаны хүн хэлж байна. Гар ариутгах, амны хаалт тогтмол зүүх, олон нийтийн газар болон өвчин гарсан улс орноор зорчихгүй байхаас эхлээд энгийн дадал зуршлыг хэрэгжүүлж хэвшихийг эмч, мэргэжилтнүүд зөвлөж байна.

Сүүлийн гурван өдөрт Хонконг, Бээжин, Ухань гээд шинэ коронавирусын голомтоос МУ-ын хилээр орж ирсэн, халуурсан өгүүлэмжтэй иргэдийг галт тэрэг болон нисэх онгоцны буудлаас шууд ХӨСҮТ-т тусгаарлаж шинжилгээ авсан. Шинжилгээний хариу эхнээсээ гарчээ. Одоогоор хариу нь гарсан 14 шинжилгээнээс шинэ коронавирус илрээгүй болохыг албаны хүн хэллээ. Хонконг, Бээжингээс ирсэн иргэд, мөн Ухань хотыг зорьсон Дэрэн клубын хүүхдүүдээс авсан шинжилгээнүүдээр коронавирус үгүйсгэгдсэн талаах ХӨСҮТ-өөс мэдээллээ. Мөн өчигдрийн байдлаар дөрвөн иргэн сэжигтэй тохиолдлоор ХӨСҮТ-д ирсэн. Шинжилгээний хариу 24 цагийн дараа буюу маргааш гарна гэлээ.

ФЭЙСБҮҮК ШУУД